УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Данийн Вант улсын Фолькетинг (Парламент)-ийн дарга Могенс Ликкетофт өнөө орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм. Түүний айлчлалын албан ёсны хөтөлбөр даваа гаригт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхлэх юм байна.
Энэ сарын 6-ныг хүртэл манай улсад зочлох ноён Могенс Ликкетофтыг УИХ-ын дарга хүлээн авч уулзаж, Гадаад харилцаа, Уул уурхайн сайд нар бараалхана. Мөн хоёр орны Парламентын тэргүүн айлчлалын үеэр хөндсөн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах учиртай. Албан ёсны эдгээр арга хэмжээ, уулзалтаас гадна ноён Могенс Ликкетофт Данийн Вант улсын Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Данийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзана. Данийн Вант улсын Фолькетингийн дарга Могенс Ликкетофт 1946 онд төрсөн, Социал демократ намын гишүүн юм байна. Тэрбээр 1981 онд анх улсынхаа Парламентад гишүүнээр сонгогдсон түүхтэй.
Мөн Гадаад хэргийн, Сангийн болон Татварын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байжээ.
С.УУЛ