Цахим ертөнцийн хязгааргүйгээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн шинэ санаануудыг “шүүрдэхээр” шийджээ. Сар болгон “Шинэчилж шийдье 222”, өдөр бүр “11-11” тусгай дугаар, цаг минут болгонд twitter, facebook-ээр иргэдийн санал бодлыг аваад ч шинэчлэл хийхэд хангалтгүй байна хэмээн тэрбээр үзсэн аж. Тийм ч учраас “Өглөөний шинэ санаа” онлайн уулзалт, ярилцлагыг долоо хоног бүрийн баасан гаригт Засгийн газрын zasag.mn хуудсаар дамжуулан явуулж, болж бүтэхгүй байгаагаа сонсож, мэдрэхгүй байгаа зүйлсээ иргэдийнхээ нүдээр олж харахыг зорьсон байна.
08.10. Засгийн газрын 30 дугаар байр буюу Нэгдүгээр дунд сургуулийн өндөр төмөр хашаатай хэрмээр залгаа орших хоёр давхар цагаан байрны үүдэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг бууж, хар хүрэмнийх нь хормой харагдаад өнгөрөх шиг болов. Гав шав хийгээд шатаар гялс гүйгээд орох нь тэр. Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын зөвлөлийн гишүүд бэлтгэлээ базаачихсан, түүнийг хүлээж байв.
...“Яриа сонсогдож байна уу. Ярих үедээ микрофоноо эргүүлэх нь байна шүү, Мөнхтөр дарга аа”. Ерөнхий сайд зангиа, пиджакаа засна. Нэг минут үлдлээ. Анхаараарай! Эхэлье! Иргэдтэй хийсэн анхны онлайн уулзалт өнгөрсөн баасан гаригт ийн эхэлж, zasag.mn-ээс гадна МҮОНР-гийн орон нутагт цацдаг гурван суваг, нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг богино уудолгионы хоёр FM радиогоор шууд дамжуулав. “Өглөөний шинэ санаа”-ны ерөнхий зорилго, агуулга, зарчмыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулснаар уулзалт эхэллээ.
Энэ үеэр иргэдээс шинэлэг санаа цөөнгүй ирснийг Ерөнхий сайд туслахууддаа хэлж тэмдэглүүлэхийн зэрэгцээ асуултуудад шинэ мэдээлэл бүхий товч тодорхой хариулт өгсөн юм. Зарим үед хошин бөгөөд үнэн хариултыг ч хэлж байв. Тухайлбал, архины эсрэг тэмцэх, архигүй гудамжууд бий болгож, зарлах, архиар шахахгүй байх тухай хууль гаргах, “Архигүй Монгол” уриалга гаргах гээд Тамхины хяналтын тухай хуультай барьцсан гэмээр санааг иргэд дэвшүүлэхэд тэрбээр “Архитай тэмцсэн олон орны түмэн түүх бий. Өнөөдөр лоозогнох цаг биш. Иргэд өөрөө өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй. Алтанхуягийн эрх чөлөө Мөнхтөрийн хамрын үзүүрт хүрээд зогсоно гэж байгаа. Архиар шахаад байвал дахиж тэр хүмүүстэй уух хэрэггүй. Монголын бүх газар архи зардаг нь буруу юм. Хүмүүс хараад шууд авах боломжтой байгааг болиулах хэрэгтэй” гэсэн хариу өгсөн. Харин архи уух бус, өөр байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх тухай саналыг дэмжсэн.
Ер нь олон хүн залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газрыг нэмэгдүүлэх, тэр дундаа спорт танхим олноор байгуулах, түрээсийг нь хямдруулах, дугуйн замтай болох талаар саналаа хэлж байв. Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын зөвлөл ч чөлөөт цаг зөв боловсон өнгөр үүлэх, цагийн хөдөлмөр, орон сууц гэсэн залууст зориулсан гурван том ажлыг судалж, бодлого гаргахаар ажиллаж эхэлсэн гэнэ. Ирэх наймдугаар сар гэхэд нийслэлд дугуйн гурван зам байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замыг өвөл цанын зам болгон ашиглахаар тооцсоныг дуулгалаа.
Иргэдийн зүгээс хамгийн олон удаа гарсан бас нэг асуудал нь хүүхдийн хүмүүжилд анхаарч, амьдрах ухаанд суралцуулах байсан. Залуу эмч нар хамтраад зөв хооллолтын талаар сургалт явуулж, уламжлалт хэв маягийг өөрчлөх гэсэн шинэ санааг дэмжиж, “1111”-ээр дамжуулан нарийвчлан танилцахаар тэмдэглэж авав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хамгийн их хөдөлж, хамгийн бага иддэг хүн гэдгээ хэлсэн нь эрүүл явах нэг арга болохыг залууст анхааруулсан хэрэг байсан болов уу. Завхан аймгийн Баян-Айрагийн уурхайг улсын нөөцөд авах боломжтой юу, нинжа нар овоороод эхэллээ гэсэн асуудлыг олон иргэн тавьсан тул тэрбээр анхааралдаа авав. Орон нутгийн замын тэмдэглэгээ муу учраас төөрөөд байна гэсэн олон удаагийн саналыг ч тэмдэглэлээ.
Нэгдсэн бодлогогүй, үр ашиггүй олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг цэгцлэх хэрэгтэй гэсэн санааг тэрбээр дэмжлээ. Шуудангийн салбар хэтэрхий хоцрогдлоо, аймаг сумд хүнгүй боллоо, ахмадуудаа хэрхэн анхаарах вэ, Үл хөдлөх хөр өнгийн бүртгэлийн газрыг шинэчилж, хүнд суртлыг нь арилгамаар байна, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн зээлийн хүү хэд байх, байрны үнийг бууруулах, ЭМД-ын дэвтрийг халж, карт болгох, Улаанбаатарын хаягжилтыг шинэчлэх зэрэг ажил хэрэгч санал тавьсан иргэн олон байсан. Харин зарим нь Ганнам дүүрэг хэзээ босох вэ, та твиттертээ яг өөрөө бичдэг үү зэрэг сониуч асуулт ч илгээж байв.
Иргэдийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг товч бөгөөд тохирсон хариултыг нь өгсөн. Твиттертээ өөрийн арван хуруугаараа өглөө, өдөр, орой заваараа жиргэдгээ батлан хэлээд “Манай нийгэмд төр, засаг, иргэний хооронд итгэлцэл байхгүй болж. Юм ярихаар шоудаж байна гэнэ. Худлаа, гэж үгүйсгэнэ. Энэ бол иргэдийн буруу биш, хэлснээ хийгээгүйн буруу” гээд Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ санаа оноог сонсож, нийгэмд шинэ үнэлэмж тогтоож, ярьснаа бодитой хийж чаддагийг харуулахаа амлав. Тэрбээр иргэдийн асуултад хариулах явцдаа зарим шинэ мэдээллийг дуулгасан юм. Тухайлбал, хавраас өрнөх их бүтээн байгуулалтад цэрг үүд болон ажилгүй иргэдийг оролцуулахаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сургаж байгаа гэнэ. “Чингис” бондын мөнг өөр Улаанбаатар хотын захад өвлийн хүлэмж байгуулж, нийслэлчүүдийг хүйтний улиралд хятад ногоогоор хангадаг байдлыг зогсооно. PC тоглоомын талаар ХЗЯ бодлого боловсруулж эхэлсэн аж. 4-12 насны хүүхдүүдийн монгол хэлний дархлааг хөгжүүлэх гээд олон шинэ ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд заримыг нь аль хэдийнэ эхлүүлжээ.
Энэ удаагийн 40 минутын цахим уулзалтын турш 5000 гаруй хүн хандсан тул удирдлагын төвийн ачаалал ихсэж, үе үе гацсан нь зарим иргэнээс шүүмжлэл сонсоход хүргэв. Ерөнхий сайд ийм хэмжээний хүн хандахад гацдаггүй сервер дэлхийд байдаг эсэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаас лавлав. Боломж байгааг сонссон тэрбээр “Дэлхий чадаж байвал бид чадах ёстой. Ирэх баасан гариг гэхэд дэлхийнх шиг болгож чадахаа манай залуус харуулна” хэмээн амласан.
Уулзалтын явцад гарсан шинэлэг, бүтээлч, ашигтай санаануудыг дэлгэр үүлэн сонсож, судлахаа Ерөнхий сайд мэдэгдээд энэ удаагийн “Өглөөний шинэ санаа”-г өндөрлүүлэв. Түүнчлэн баасан гариг болгон Ерөнхий сайд Н.Алтанхуяг бус, зарим тохиолдолд салбарын сайд нарыг оролцуулан, иргэдтэй онлайнаар уулзуулах боломжтойг хэллээ. Шинэлэг санаа цуглуулахын тулд олон янзын арга зам хэрэглэхийг хичээж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Шинэчлэлийн ангууч” хэмээн нэрлэмээр санагдлаа. Ээлжит “Өглөөний шинэ санаа” ямар ч саадгүйгээр иргэдэд хүрч, тэрбээр олон шинэ гарц олох биз ээ.
Р.ОЮУНЦЭЦЭГ