Малигийн умард нутагт үйл ажиллагаа явуулж буй Чадын цэргүүд Алжирын дайчин, “Лалын Магриб дахь Аль-Кайда”-гийн удирдагчдын нэг Мохтар Бельмохтарын амийг хөнөөжээ. Алан хядагчдын баазыг устгах үеэр өнгөрсөн бямба гаригт Бельмохтар алагдсан байна. Түүний хамт хэд хэдэн хань хамсаатан нь амь үрэгдсэн аж. 2013 оны нэгдүгээр сарын дундуур Алжирын Ин-Аменас дахь хий боловсруулах үйлдвэрийг эзэлж авах ажиллагааг зохион байгуулсны хариуцлагыг Бельмохтар өөртөө хүлээсэн юм. Тэр ажиллагааны үеэр уг үйлдвэрт ажиллаж байсан гадаадын олон арван ажилтан барьцаалагдаж, 60 хүн алагдсан билээ.
Өнгөрсөн сарын 28-нд Францын тусгай зориулалттай ангийн дайчид Мали улсын умардад “Лалын Магриб дахь Аль-Кайда”-гийн бас нэг удирдагч Абу Зеидийг устгасан юм. Африкийн умард нутагт гадаадын иргэдийг олноор олзолж, алж хядах гэмт үйлдлийг энэ этгээдийн зохион байгуулан удирдаж буй бүлэглэл хийсэн гэж үздэг. Алан хядагчдын нөлөө бүхий хоёр хүнийг устгасан тухай Францын эрх баригчид одоо хэр нь ам нээгээгүй байна. Африкийн хэд хэдэн орон хийгээд Франц улс таурегчуудын бослогыг дарахад нь 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Мали улсад тусалж байгаа юм. Тэгвэл тухайн бүс нутагт идэвхжиж байгаа лалын зэвсэгт бүлэглэл үүд таурегчуудад тусалж буй аж.
Малийн умард нутагт явуулж буй байлдааны ажиллагаа төгсгөлийн шатандаа орж байна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нэг бус удаа мэдэгдээд байгаа билээ.