Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Авзага трейд” компанийн бөх Монгол Улсын гарьд
Ишдоржийн Доржсамбууг манай ард түмэн уран сайхан барилдаанаар нь сайн мэднэ. 1995 оны улсын их баяр наадмын тавын даваанд И.Доржсамбуу Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, өөрийн багш, гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарыг давж, улсын начин хэмээх алдар цолыг хүртэж, наадамчдаа баярлуулж билээ.
Тэр жил Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай аймагт зохиогдсон Есөнзүйлийн даншиг наадамд улсын начин И.Доржсамбуу амжилттай барилдаж, үзүүрлэн улсын заан цол хүртчихээд хөөрч явсан ч удалгүй шинээр хүртсэн цолоо хураалгасан гээд түүний талаар ярих юм олон. Жилийн дараа 1996 оны наадамд тэр “Хүч” спорт хорооны бөх, цэргийн арслан Ц.Цэрэнчимэдээр тав даван цолоо баталж, өсөх идэр чимэг хүртсэн.
1997 оны баяр наадмын тавын даваанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, “Хүч” спорт хорооны бөх, уран барилдаанч заан Чадраабалын Бямбадоржид гэнэ алдан өвдөг шороодсоноор түүний нэгэн жилийн хөдөлмөр талаар болсон удаатай.
Бөх сонирхогчид И.Доржсамбуугаас бүр их амжилтыг хүлээнэ. Улсын өсөх идэр начин наадамчид, бөх сонирхогчдынхоо итгэлийг хүлээж, 2001 онд улсын баяр наадмаар долоо давж улсын заан, 2007 онд найм даван үзүүрлэж, улсын гарьд цолыг тус тус хүртсэн билээ. Харин сар шинийн барилдаанд улсын заан цолтойдоо 2002, 2004 онд үзүүрлэж, 2008 онд гарьд цолтойдоо түрүүлж байсан юм. Улсын гарьд И.Доржсамбуугийн хувьд сүүлийн гурван жилийн улсын их баяр наадмын тавын даваанд улсын харцага Т.Санчир, улсын начин Б.Сумъяа, улсын начин Р.Пүрэвдагва нарын бөхчүүдэд өвдөг шороодож, залуу бөхчүүдийг улсын цолд хүргээд байгаа. Хүчит гарьд маань улсынхаа их баяр наадамд найм шөвгөрөөд байна. Тэгвэл энэ удаа И.Доржсамбуу гарьдын өөр нэгэн чадварынх нь талаар й. гарьд маань хэнийг ч уяраамаар сайхан дуулчихна. Ёстой “Найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай” эр. “Дуунд уясаж, хайлж явдаг болохоор ааш зан нь ч тайван амгалан, бөхийн амжилт нь ч тогтвортой өндөр байх юм даа” гэж Доржсамбуугийн үндэсний бөхийн багш, ардын багш, гавьяат тамирчин улсын харцага Д.Сэрээтэр гуай нэгэнтээ бахархан дурсаж байсныг дурдалтай. Төрсөн дүү И.Ёндонсамбуу өсөх идэр начин цолтой, бас л дуучин бөх.
1998 оны хавар зохиогдсон Монголын самбо бөхийн холбооны 30 жилиййн ойн баярын концертод уригдан дуулж, олны талархлыг хүлээж байсан удаатай. Олимпизм, биеийн тамир, спортыг сурталчлан таниулах уулзалт өдөрлөгийг МҮОХ-ноос тогтмол зохион байгуулдаг байв. Одоогоос 15 жилийн тэртээ юм уу даа, МҮОХны дэд Ерөнхийлөгч С.Жамцын ахалсан сурталчилгааны багт миний бие радиогийн спортын сэтгүүлчийн хувиар орж, Говьсүмбэр, Дорноговь байлаа. Өдөрлөгийн бөхийн барилдаанд тэрхүү сурталчилгааны багийн гишүүн, цэргийн арслан, өдгөөгийн улсын гарьд И.Доржсамбуу, аймгийн начин, өдгөөгийн өсөх идэр начин И.Ёндонсамбуу, аймгийн начин, өдгөөгийн өсөх идэр начин Ц.Цогтжаргал нарын хүчтэнүүд зодоглож, дуулалдаж хөгжилдөж явсныг тодхон санаж байна.
Хүчит бөхөө хүндлэн дээдэлдэг монголчууд бөхчүүдээ хаа ч явсан дайлж цайлах нь ёс. Гурван бөх маань гашуун нясуун ундаа болон тамхи огт амсаж, хэрэглэдэггүй. Ахас дээдсээ хүндэлнэ. Тэр гурав хоолой нийлсэн уянгалаг дуугаараа бусдыг ангайлгаж орхино. С.Жамц дарга тэрхүү аяллын туршид манай МҮОХ-ны гурван бөх гээд л магтана. Тэр гурав гол төлөв гавьяат жүжигчин, “Завхан”-ы Батсүхийн уянгалаг дуунаас дуулна. Басүү олон нийтийн анхаарал, сонирхлыг татаж буй Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Н.Ганбат зэрэг дуучдын дуунаас ч ая барьчихна. Бөхчүүд бараг бүгд л сайхан дуулдаг шүү дээ. Шуундаа бяртай хүчит бөхчүүд маань хоолойдоо ч бяр чадалтай гэдэг нь үнэний ортой гэдгийг хожмын энэ өдөр эргэн санаж дурсмаар санагдлаа. Гэхдээ л бөхчүүдээс “Доржсамбуу гарьд түүний нөхөд”-ийг давах нь цөөн болов уу. И.Доржсамбуу гарьд эцэг эхээс наймуул. Тэднийх дөрвөн хүү, дөрвөн охинтой.
Ишдорж гуайн дөрвөн хүү дөрвүүлээ Самбуу нэртэйн дээр дөрвүүлээ сайхан дуулчихна. Доржсамбуугийн төрсөн ах Пэрэнлэйсамбуу, Данзансамбуу нар нь төрөлх Гурванбулаг сумандаа амьдарч сууна. Нэг ах нь аймгийн хөгжимт театрт дуучин явсан. Бас нөгөө ах нь Монголын бүх ард түмний урлагийн их наадмын алтан медальтай, шаггүй дуучин эр бий. И.Доржсамбуу гарьдынхны дууны авъяас чадвар нь цаашид ч улам тэгширч, түмэн олноо бөхийнхөө адил дуу хуураар баясгаж явах нь дамжиггүй.
Д.ГЭНЭЭ