Улс төрийн намуудын бужигнадаг үе хэдийнэ эхэлжээ. Гэхдээ энэ удаад бужигнаан гурав дөрөвхөн намын хүрээнд болж буйгаараа онцлог.
Ерөнхийлөгчийн хэмээх өндөр босготой сонгуульд нэг удаа ИЗНН хүч үзсэнийг эс тооцвол АН, МАН-аас өөр хүчин оролцож байсан түүх үгүй. Тэгвэл энэ жил МАХН хэмээх гурав дахь дүр гарч ирээд байгаа юм. Уг нам өнөөдрийн улс төрийн ертөнцөд гол дүрд тоглож байна.
Олон нийт МАХН тийш анхаарлаа хандуулж, тэд хэнийг сонгох бол гэдгийг сонирхож эхэллээ. МАН, АН-ынхны хэн хэн нь тэднийг эгнээндээ элсүүлэхээс татгалзахгүй. Гэвч сонголтыг АН, эсвэл МАН-ынхан биш МАХН хийх гэж байгаад учир оршино.
МАН ГУЙЖ, МАХН ГЭДИЙХ ЦАГ ИРЭВ
Одоогийн МАН хуучин нэрнээсээ “х” үсгийг ад үзэж, авч хаясны дараа Н.Энхбаярын цэргүүд МАХН нэрийг авч үлдэн шинэ нам байгуулсан түүх саяхных. Тухайн үед МАН-ынхан тэднийг “балархай эгшиг”, “гээгдсэн эгшиг” гэх мэтээр дуудаж байсан билээ. Харин УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа л тэд эгшиггүйгээр үг, үггүйгээр өгүүлбэр бүтдэггүйг ойлгосон бололтой. Тиймээс ч түүхэндээ ямар нэг намтай хамтарч “сонгуульдаж” үзээгүй тус намынхан “өрх тусгаарлагчдаа” буцаан нэгтгэхийг эрмэлзэх болов. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн эл өдрүүдэд дээрх яриа бүр ч газар авч байна. Эх орончдын өдрөөр хоёр намынхан хамтдаа Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, МАН-аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН-ын дарга М.Энхсайхан илтгэл тавьж буй үйл явдлууд “МАН, МАХН хоёр нэгдэх нь” гэсэн яриаг улам баталгаажуулсан шиг болсон.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хамт цэцэг өргөснийгөө “Морин цагт очсон чинь л таарчихсан шүү дээ” хэмээн хэнэггүйхэн тайлбарлав. Харин тус намын дэд дарга Д.Тэрбишдагва “Угшил нэгтэй намууд яагаад хамт цэцэг өргөж болдоггүй юм. Сүхбаатарын гавьяаг хүндэтгэсэн үйлдэл учир бусад нам ч бас хамт цэцэг өргөсүгэй” хэмээн уриалсан байна лээ. Энэ нь нэг талаар МАХН дотроо “хямралтай”, байр суурийн зөрчилтэй байгааг илэрхийлэв. Юутай ч МАН-ынхны тухайд МАХН-ыг өөртөө нэгтгэж чадвал өмнөх хоёр сонгуулиар авсан “шархаа” нөхөх боломжтой учраас залуус, ахмадуудаа энэ аянд дайчилсан байна. МАН, МАХНын Ахмадын холбоо, МАН-ыг шинэчлэх түр хороо зэргээс дэд дарга Д.Тэрбишдагвад “Хамтарсан нь дээр юм биш үү дээ” гэсэн агуулгатай уриалга, албан бичиг илгээжээ. МАХН-ынхан хэнийг сонгохоо эцэслэн шийдээгүй учир Ажлын хэсэг байгуулан энэ хүсэлтийг нягталж буй юм байх.
АН АЖИГЛАЖ БАЙНА
Тэд одоохондоо ажиглаж байгаа. Бас хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа хийсэн гэрээндээ найдаж буй юм. Уг гэрээ ёсоор Засгийн газрыг хамтарч байгуулсан намууд дараа дараагийн сонгуульд ч нэг тал болж оролцох учиртай. Тиймээс яаран дуугарч, “амаа хөлдөөх” шаардлагагүй гэж үзсэн бололтой. МАХН дотор “Бид нэгэнт сонголтоо хийсэн, гэрээгээ биелүүлэх ёстой” гэж үзэх хэсэг байгаа ч “Орон нутгийн сонгуулиар АН бидэнтэй хамтраагүй, тэд эхэлж гэрээгээ зөрчсөн учир дагах албагүй” гэх байр суурь ч байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж улиран өрсөлдөх нь тодорхой болсон. Яг өнөөдрийн нөхцөлд түүнтэй эн зэрэгцэх өрсөлдөгч үгүй. Гэвч МАХН-ынхан гэрээг үл тоож, МАН-ыг сонговол АН-ын эсрэг хүчтэй баг бүрдэх болно. Тиймээс тэд дотроо нэгийг тунгааж буй нь лавтай. Ил харагдахгүй байгаа ч МАХН-д гэрээгээ мөрдөх бас бус сануулга өгөх замаар “тэмцэх” биз ээ.
НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ТОГЛОЛТ
Уг нь МАХН-ынхан УИХ-ын сон гуульд дангаар оролцоогүй юм. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН гэж нэг нам бий. Харамсалтай нь тэдний дүр эвсэл дотроо бүдэгхэн. Хамтарч эвсэл байгуулахдаа 70:30-ийн зарчим баримталсан нь бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжлэх бололтой. “Манай даргыг ялласан учир Засгийн газраас гарлаа” гээд нэг хэсэг шуугихад эзэн нь ганцхан МАХН л байсан. Энэ тухай тэд МҮАН-ынхантай ярих ч үгүйгээр шууд зарласан. Нэг эвслийн нам атал орон нутгийн сонгуульд хэд хэдэн аймагт дангаар оролцохоор МАХН л шийдсэн. Одоо Ерөнхийл өгчийн сонгуульд МАН-тай хамтарна, үгүй гэж бас тэд дуугарч байна. МҮАН-ынхныг үл тоож, нэг талыг барьсан тоглолт үзүүлээд байна гэж үүнийг харж болмоор.
Шийдвэр гаргасан хойноо ёсыг бодож МҮАН-ынханд дуулгаад, нөгөөдүүл нь 70:30-ийн зарчимдаа хавчигдаад байгаа ч юм шиг дүр төрх гарч буй юм. МАХН-аас ирэх сонгуульд намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, гишүүн Л.Цог, Ч.Улаан нарыг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хэмээн зарласан. Эвсэл бас л сураггүй, бэлгэдлийн чанартай болж үлдэв. МАХН өөрийгөө мэдэрч, хэт шоудаад байгаа ч юм шиг. Юутай ч улс төрд МАХН-аас “хараат” нөхцөл байдал үүслээ. МАХН нэрийг тэдэнд өгөхгүйн тулд МАН хэрхэн зохион байгуулалттайгаар хөдөлж, дээрх дөрвөн үсгээр товчилж болох бүх нэрийг өмчилж байсныг тэд мартаагүй. Үзэл бодол, зөрчил нь ганцхан жилд арилчихна гэж итгээгүй учир гэрээ ёсоор АН-ыг сонгоно гэх сураг ч бас сонстож л байна. Эсвэл бүр “Шударга ёс” эвсэл дангаараа өрсөлдөж, нөгөө хоёр намынхаа саналаас зулгаах бас нэг хувилбар байгааг мартаж болохгүй. Сураг төдий байгаа хувилбаруудын аль нь бодит болох бол.