Ардчилсан Намаас ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсон. Ирэх сонгуулиар ардын, эс бөгөөс хувьсгалт Ерөнхийлөгчийг төрүүлэх хүсэл МАН, МАХН-д ид оргилж байна. Өврөөсөө Улсын Ерөнхийлөгчийг “унагасан” намд улс төр ямар их, бүр аугаа том боломж авчирдгийг АН-ын хүрээд буй шинэ тутам амжилтуудаас бэлхнээ харж болох юм.
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд ялсан Ц.Элбэгдоржийн түүчээ АН-ыг түжигнэтэл хөдөлгөж, УИХ-ын сонгуулийн амжилтын буухиа нь болж чадсан. Элбэгээ Ерөнхийлөгчийн араас намын нөхөд нь төрийн өндөрлөгүүдэд “авирч”, улс орны бүхий л өөдөө албан тушаалуудад АН-ынхан асав. Одоо тэдэнд эрх мэдэл төвлөрч, энэ хэдэн жилд Монгол орон ард иргэдтэйгээ мандах, буурахын залуурыг АН л атгаж сууна. Хавар, зун, тэгээд намар болно.
Харин тэгэхэд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр аль хэдийнэ ажилдаа орчихсон байна. Та энэ удаа хэнийг Төрийн тэргүүнээр сонгох вэ? Ийм асуултаар сонгогчдыг өдөр алгасахгүй ээрэх сонгуулийн хавар эхэллээ.
Ард түмэн сонголтоо тэрхүү “ардчилсан”, “ардын”, “хувьсгалт” тодотголтой улстөрчдөөс ядах юмгүй хийж л орхино. Харин улс төрийн томоохон намуудын хувьд яггүй өрсөлдөөний өмнө ид тулгамдаж байх шиг. Хэний нэрийг дэвшүүлэх, хэрхэн өрсөлдөх тухай бодлогууд уралдах боллоо. Ерөнхийлөгчийн суудлаар дамжин ирдэг эрх мэдлийн төлөөх тэмцэл. Өнгөрсөн дөрвөн жилд улс төрийн тайзан дээр ил, далд өрнөсөн бүхий л үйл явдал Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шууд хамаарсан байх юм. 2009 оны сонгуулийн дараа дөрөв дэх Ерөнхийлөгчөөр АН-ын хүн сонгогдсон, харин гурав дахь нь намдаа гомдсон гэсэн хоёрхон өнцөг Монголын улс төрийг танигдахааргүй болтол өөрчилжээ.
Бүрэн бүтнээрээ байх үеийн МАХН-ын удирдлагад байсан улстөрчид буюу С.Баяр, У.Хүрэлсүх нар болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярын хооронд үүссэн үл итгэлцэл нь үзэн ядалт болтлоо даамжирснаас хойш сонгууль болгоноор нэгнээ чангаан унагаж байдаг өс хонзонгийн гол үерлэв. МАН алдар хүндийн оргилоос аажим буусаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгож байна. Одоо дахиад л хэдэн улстөрчийн хувийн сөргөлдөөнөөс болж улангассан өс хонзонгийн голд унаж, ялагдлын горыг хатуухан амсах уу. Одоо С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар хоорондоо энэ талаар ядаж санал солилцдог эсэх нь эргэлзээтэй. МАН, МАХН-ын лидерүүдийн хувийн харилцаа таарамжгүй гэх шалтгааныг угшил нэгтэй хоёр намын эвсэлд үл нэгдэх учир болгон нөхцөлдүүлэх нь хэр ухаалаг хандлага гэж? Хувийн харилцаа бол хувийн л зүйл.
Тухайн цагт муудалцан талцаж байсан хүмүүс нь намынхаа том эрх ашгийн төлөө өөртэйгөө хамт аваад арилсан ч болох эд. Гомдол тунирхлыг намын үнэт зүйл, туг далбаа болгон хийсгэж байгаа бол улс төрийн хүчин гэж ойлгоход хүндрэлтэй. Гэвч ийм нөхцөл байдал МАН-д ч, МАХН-д ч бодитой харагдсаар байна. МАН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл байгуулан оролцох урилга хүргүүлээд буй. Үүний хариуд МАХН-ын Бага чуулган тодорхойгүй хариу барина лээ. Маш тодорхой хариуг ганц Н.Энхбаяр өгч чадах учир тэд наана нь “Хэнтэй ч эвссэн яадаг юм” маягийн байр суурь үзүүлсэн нь гайхах зүйл биш. Түүнчлэн намынхаа хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн зарлагдсан хүмүүс хэвлэлээр ээлж дараалан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй нь ч эцсийн мэдэгдэл биш билээ.
Хуримынхаа даашинзыг углачихсан хэрнээ шийдвэрээ гаргаж амжаагүй сүйт бүсгүй шиг “Хэн нь ч яах вэ” гэж МАХН-ынхан удаан хөглөхг үй биз ээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН гээд бүх намтай зэрэг эвсэх боломжгүй нь тодорхой учраас МАХН аль нэг намтай л хамтарна. Саяхныг болтол шавар шалбааг, балархай эгшгээрээ дуудуулан адлагдаж байсан МАХН-ын гомдлыг МАН тайлж чадах эсэхээс МАН, МАХН-ын эвсэл шалтгаална. Тэдний гомдол хувь хүмүүсийн хооронд эхэлсэн шигээ хувь хүмүүсийн ойлголцол, итгэлцлээр тасарч ч болох. Харин тэрхүү хувь хүмүүс уучлах, уужрах ухаан гаргах эсэх одоогоор нууцлаг. Уг нь МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ыг ялах ашиг сонирхолд хамгийн их хөтлөгдөж байгаа. Ингэж байж Н.Энхбаярыг шоронгоос суллах боломжтой болно гэлцдэг. Тэгвэл МАХН-д сонгуулийн ялалтыг авчрах түнш нь аль нам бэ. МАН-аас санал ирсэн хэдий ч тэд эвстэлээ дахиад хэр хол зам туулах заяатайг улс төрийн тэнгэр бурхан л мэддэг байх.
МАН-тай эвслээ гээд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ялж дөнгөх үү гэдэгт МАХН эргэлзээд байх шиг. Тэгвэл УИХ-ын сонгуульд эвссэн МҮАН-тайгаа хамтарвал... Даанч МҮАНтай байгуулсан “Шударга ёс” эвслийг М.Энхсайханы “Н.Энхбаяр эдлэх ёстой ялаа үүрч байгаа” гэсэн утгатай мэдэгдэл ирээдүйгүй болгож орхисон. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалаар жигүүрлэж яваа АНтай эвсвэл яах бол? Одоо энэ асуултын хариу хамгийн сонирхолтой тоглолтыг сонгуулийн өмнө дэглэхээр байна. Яагаад МАХН АН-тай эвсэж болохгүй гэж. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр Ц.Элбэгдоржид наалдах тактикаар Н.Энхбаяр өөрөө Төрийн тэргүүнийг “өлгийдөж” мэдэх. МАН, МАХН-ын эвслээс АН ихээхэн болгоомжилж байгаа учир Н.Энхбаяр л шийднэ дээ.