Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Хэдийгээр нэр дэвшигчдийг зарлах хуулийн хугацаа болоогүй ч МАХН, АН-аас эхлээд магадлалтай хүмүүсийнхээ нэрийг зарлаад буй юм. МАХН дөрвөн хүн нэрлэсэн бол АН одоогийн Төрийн тэргүүнийг улираахаа ойлгуулсан. АН, МАН-ын хооронд л голдуу болдог уг сонгуульд энэ жил МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нэмэгдэж буй. Хуулийн дагуу зөвхөн Парламентад суудалтай намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр ИЗНН-д мандат бий. Харин тэд одоохондоо энэ талаар яаран дуугарахгүй сууна. Сонгуульд аль намаас хэн хэн өрсөлдөх бол гэдгээс гадна Парламентад суудалгүй намууд хэнийг дэмжих нь бас л сонин.
Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам бий. Тэдгээрээс тав нь УИХ-д суудалтай. Үлдсэн 17-гоос байнга үйл ажиллагаа явуулдаггүй юм аа гэхэд ядаж сонгуулиар, бас бус зүйлээр сураг ажгаа дуулгаад байдаг нь гэвэл таван хуруунд багтах төдий. Бүртгэлтэйгээс биш нэг ч удаа сонгуульд оролцоогүй, зүгээр л үнэмлэх аваад “мартчихсан” нам ч бий. Гуравдагчдаа төлөөлж чадахуйц, хүмүүс мэддэг зарим намын байр суурийг сонирхов. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд гуравдагч хүчний нам өрсөлдөж байсан түүхийг эргэн нэг саная. 2004 оны УИХ-ын сонгуулиар Парламентад нэлээд хэдэн намаас төлөөлөл сонгогдсон. Тиймээс 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАХН (одоогийн МАН)-аас гадна БНН-аас Б.Жаргалсайхан, “Эх орон-Ардчилал” эвслээс Б.Эрдэнэбат нар хүч үзэж байв.
сонгуульд одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр илт давуугаар ялж, АН-аас өрсөлдсөн М.Энхсайхан аман хүзүүдэж байсан юм. Хамгийн олон намаас өрсөлдсөн Ерөнхийлөгчийн сонгууль нь 2005 оных болж байна.
БНН. Тус намд ганц Б.Жаргалсайхан гэдэг л хүн байдаг. Олонд танигдсан нь тэр. УИХ-д нэг удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр ажиллаж явсан тэрбээр өнөөдрийн сонгуулийн “сунгааны” үйл явцыг ажиглаж, ямар байр суурьтай байгаагаа хэвлэлд ярилцлага өгч илэрхийлжээ. МАН, МАХН нэгдэх, нийлэх эсэхийг онцлон ярьж буй цаг үед тэр “Сонгуулийн өмнө намууд нэгдэх, салах нь байх л хэрэг” гэсэн дүгнэлт өгсөн аж. Гэхдээ яг аль намыг онцгойлон дэмжихээ илэрхийлсэнгүй.
МУНН. Байгуулагдсан түүх, “нас”-аараа бол хуучин, архагтаа орох тус намын дарга Б.Батболд “Цаг эрт байна” гэсэн товчхон хариулт өгөв. Эх орон нам. Төр барьж явсан уг намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар “Нэгэнт манай нам сонгуульд оролцох эрхгүй учраас аль нэг хүчнийг дэмжиж таарна. Гэхдээ хэнийг дэмжихээ хэлэхэд цаг эрт байна. Энэ тухай намаараа хуралдаж байгаад шийднэ” гэлээ.
С.ТУУЛ