Орон нутгийн сонгуулиас хойш Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим аймгийн Засаг дарга нарыг хууль зөрчин томилж, олон “өндөгтэй” болсон билээ. Бүр зохиомлоор дарсан олон “өндөг” нь өдгөө Засгийн газрын тэргүүнийг “Хууль хамгийн их зөрчсөн Ерөнхий сайд” гэсэн алдрыг зүүхэд хүргэж мэдэхээр болов.
Хууль бус Засаг даргатай хатуу өвлийг туулж, хахир хавартай золгоод буй Хөвсгөл, Дорнод аймаг чамгүй хохирол үзэж, Хөвсгөлд 18 мянган мал хорогдсон бол Ерөнхий сайдын хууль зөрчин төрүүлсэн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалын нэр нийслэлийн дүүрэг, бусад аймгийн сум, багт моодонд орж, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч олноор “өндөглөсөн” юм. Жишээ дурдахад, Дорнодод тав, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 28, Баян гол дүүрэгт 26 хорооны дарга “өндөглөөд” байна.
Сүүлийн үед Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг Үндсэн хуулийн цэц ойр ойрхон дуудаж, хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлийнх нь талаар тайлбар сонсохыг шаардаж байна. Ерөнхий сайд мэтгэлцээнд унаж, хэлэх үггүй бүлтэлзэж суухыг хүссэнгүй. Харин хууль бус захирамж, шийдвэрээ хүчингүй болгосон мэдээг Үндсэн хуулийн цэцэд илгээсэн нь хавьгүй дээр хэмээн үзэж буй бололтой. Өнгөрсөн сарын 27-нд Цэцийн дунд суудлын хуралдаанаар Орон нутгийн сонгуулиас хойш шүүмжлэл дагуулсан асуудлыг хэлэлцэх байв. Оройтож явагдсан эл сонгуулийн дараа буюу оны зааг дээр аймгууд ИТХ-аа хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлсэн нөхдийн нэрсээ Ерөнхий сайдад илгээсэн. Харин Ерөнхий сайд таван аймгийн Засаг даргыг огт батламжлаагүй төдийгүй нэгдүгээр сарын 7- 8-нд хоёр өөр захирамж гарган, Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тус аймгийн АН-ын дарга Д.Амарбаясгаланг, Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Цэрэнчимэгийг томилоод байв.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Үндсэн хууль зөрчин, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээнд халдсан Ерөнхий сайдын эл шийдвэрийг засаж залруулах гомдлыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргасан нь Засгийн газрын тэргүүнийг чамгүй сандаргасан аж. Тиймээс Ерөнхий сайд Цэцийн хуралдаанд гэрчээр оролцохыг хүсэлгүй ЗГХЭГ-ын даргын гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн нь өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох захирамж байв. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, дарсан өндөгнүүдээ нэг нэгээр нь “хагалав”. Хачирхалтай нь Н.Алтанхуяг эл захирамжийг гаргах хүртэл Үндсэн хуулийн цэцэд тайлбар өгөлгүй “бултаж”, Цэцийн гишүүний шаардсан бичиг баримтыг заасан хугацаанд гаргаж өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох үүргээ мартаад байсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 5-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан 26 тоот тогтоол, Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн Засгийн газрын 2012 оны 10 тоот тогтоол нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд гомдол хүргүүлээд байна. Эл маргаан Ерөнхий сайдыг чамгүй сандаргаж байгаа бололтой.
Төрийн албаны тухай хуульд “Тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсоны дагуу албан үүргийнхээ зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж болно” гэсэн ганц заалт байдаг бол Засгийн газар төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамд өөрчлөлт оруулж, түр орлон гүйцэтгэгч нарыг олноор нь “өндөглүүлсэн” юм. Үндсэн хуулийн цэцэд очсон маргааныг Цэцийн гишүүн Т.Лхагваа хянасан бөгөөд иргэний өгсөн өргөдлийг 14 хоногийн хугацаанд судалж, хариу өгөх учиртай Цэцийн гишүүн 80 хоног “луу унжиж” тайлбар өгөхдөө Үндсэн хууль болон хууль тогтоомжид огт байхгүй үндэслэл дурдаж, маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй гэжээ.
Үндсэн хуулийн цэцийн түүхэнд гарч байгаагүй, үндэслэл муу эл хариултын зарга Ерөнхий сайдын чихийг халууцуулж байгаа төдийгүй Цэцийн давж заалдах шатанд очоод буй эл маргаан үндэслэлтэй нь тогтоогдвол түр орлон гүйцэтгэгч нарт ажлаа өгсөн төрийн албан хаагчид буцаж ажилдаа орох боломж нээгдэх юм. Мөн энэ сарын 4-нд Үндсэн хуулийн цэц бас нэг гомдлыг хэлэлцсэн нь Лениний музейн барилгаас үүдсэн асуудал байв. Баянгол дүүргийн иргэн М.Төрбат, Хан-Уул дүүргийн иргэн Б.Лхагважав нарын гаргасан гомдлыг хянасан Цэц эл барилгыг үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй болохыг тогтоогоод байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрүүд ийнхүү Үндсэн хуулийн цэц дээр бүдэрч эхэлсэн сургаар дахин цөөнгүй гомдол Цэцэд очих магадлалтай болжээ. УИХ-ын сонгуулиас хойш маргаан дэгдээсэн Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн УИХ-ын гишүүн болох асуудлыг улс төрийн намууд тохиролцож буй болон Ерөнхий сайдын хууль зөрчиж томилсон үүрэг гүйцэтгэгч Засаг дарга нарын гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх эсэх асуудал Цэцэд хандсан гомдлын цувааг үргэлжлүүлж мэдэхээр байна.
Д.ОТГОНЖАРГАЛ