Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн ерөнхий шүүгчид болон төрд өндөр алба хашиж буй эмэгтэйчүүдэд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өчигдөр баяр хүргэв. Тэрбээр “Та нар Монголын төрд зүтгэж, төрийн нүүр царайг тодорхойлж байгаа улс орныхоо бахархал болсон хүмүүс” гэлээ. 2008-2012 оны үед төрийн өндөр алба хашдаг 30 эмэгтэй байсан бол тэд одоо 38-уулаа болжээ.
Эмч нарын 90, багш нар болоод зах дээр худал даа эрхэлж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн манай эмэгтэйчүүд ажиллаж буй салбар салбарынхаа ачааны хүндийг үүрч байна. Та нарынхаа энэ их ачаанаас хагасалж, үүрэлцэхсэн гэж эрчүүд бид хичээж баймаар байна гэж Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болсон уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч болон УИХ-ын Тамгын газрын дарга нар оролцож бүсгүйчүүддээ баяр хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.