Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Засгийн газраас тус салбарт хийж буй шинэчлэлийн талаар өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав. Шинэчлэхэд хэцүү гурван салбар байдгийг тэрбээр оршил болгон хэлсэн юм. Боловсрол, шинжлэх ухаан, хууль зүйн салбарт бодит эрх мэдлийг гартаа атгасан нөхдүүд голдуу байдаг учраас шинэчлэлд “лазан” ханддаг аж. Тэр албан тушаалд насаараа ажиллахаар “томилогдчихсон” юм шиг аашилдаг архагууд олонтой хууль зүйн салбарын шинэчлэлийг ойрын 16 жилд хийж дуусгана хэмээн төлөвлөжээ.
Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийг УИХ оны өмнө баталсан нь бүрэн биш ч чамлахааргүй шинэчлэл болсон юм байна. Одоо тэрбээр хаврын чуулганд 11 хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж буйгаа дуулгав. Эдгээрийн зарим нь нэмэлт, өөрчлөлт, зарим нь бүр шинэ хууль байгаа юм. Хууль зүйн сайд салбартаа хийх зохион байгуулалтын болон хууль эрх зүйн шинэчлэлийг онцлов.
Юуны өмнө хуульч, хууль сахиулагч гэдэг ойлголтыг салгах шаардлагатай гэнэ. Хуульч мэргэжлээр төгссөн л бол хангалттай биш, лицензтэй болгох асуудлыг хуулиар зохицуулах юм байна. Өм гөөлөгч, прокурор, шүүгч, их, дээд сургуулийн профес сорыг л хуульч хэмээн үзэх нь. Тэдний дор ажиллах цагдаа, мөрдөгч, шинжээч зэргийг хууль сахиулагч гэж ялгах ёстой гэлээ. Мөн хуулийн салбарын байгууллагуудыг иргэний (захиргааны), цэргийн (батлах хамгаалахын), цэрэгжсэн (хууль сахиулах) хэмээн ангилах юм байна. Энэ нь олон улсын стандарт аж. Гэтэл манайд “хүчний байгууллага” гэсэн ерөнхий нэрийн дор бүгдийг нь багтаачихдаг.
Цагдаагийн байгууллага уг нь хууль сахиулагчийн ангилалд багтаж, “ахуйн” чанартай гэмт хэргийг хариуцах ёстой. Зохион байгуулалтын өөрчлөлт хийж, чиг үүргийг тодорхой болгон нарийв чилна гэсэн үг. Эндээсээ хууль сахиулах байгууллагыг Х.Тэмүүжин сайд онцлон танилцуулсан. Шинээр Мөрдөх алба байгуулж, улс дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргүүдийг мөрдөх гэнэ. Хүний наймаа, мөнгө угаах хэрэг, эко болон цахим, соёлын өвийн эсрэг хэргүүд үүнд багтана. Мөн шинээр Маршалын алба байгуулж, тэр нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, ялтныг хүргэх, оргосон, зайлсан этгээдийг эрэн сурвалжлах асуудлыг хариуцна. Одоо ямар ч эзэнгүй, гээгдэж орхисон энэ асуудлыг ийм замаар шийдэх гэнэ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх, Онцгой байдлын албад байх нь.
Одоогийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар виз өгдөг, бүртгэдэг, түүгээрээ бизнес хийдэг, авлига цэцэглэсэн газар болсныг өөрчлөх юм байна. Хүний наймаатай холбоотой хэргийг уг алба илрүүлж, виз хэтэрсэн иргэдийг хянан буцаах гэх мэтээр илүү амьд ажилладаг болно гэлээ. Мөн гэмт хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хувьсал хийхээ хэлэв. Энэ мэт асуудлыг шийдэхийн тулд Зөрчлийн, Гэмт хэргийн, Хууль сахиулах болон Гэмт хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны, Мөрдөх албаны, Маршалын албаны гэх мэт 11 хуулийн төсөл боловсруулж буй аж. Эдгээр хуулийг батлахад хуулийн салбарын бүтэц зохион байгуулалт үндсэндээ цэгцэрнэ хэмээн сайд амлав.
С.УУЛ