Энэ сарын эхээр Улаан-Үд хотноо Буриадын буддын шашны Ивольгин дацангийн нэрэмжит “Цагаалга 2013” шатрын рапид тоглолтын олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд 494 шатарчин (үүний 17 нь их мастер цолтон) швейцарь системээр 13 тавилд ухаанаа уралдууллаа.
Тэмцээний тэргүүн байрт ОХУ-ын шатарчин Б.Савченко 10.5 оноогоор шалгарсан бол манай их мастер Ц.Батчулуун, ОУМ Н.Баттулга нар шагналт VI-VII байр эзэлжээ. Мөн их мастер Б.Гүндаваа, ФМ Г.Мөнхгал, С.Билгүүн нар 9.5, ФМ У.Насанжаргал, ОУМ П.Жигжидсүрэн нар 9, Ж.Пүрэвдорж 8.5, Ө.БатОчир, ОУМ А.Энхтуул, С.Сундуй, Д.Билэгсайхан нар 8, Б.Бэгз, Г.Чулуун нар 7.5 онооны амжилт үзүүлсэн байна.
Тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон гавьяат дасгалжууулагч, ОУМ П.Жигжидсүрэнтэй манай сурвалжлагч ярилцжээ.
-Тэмцээний сонин сайхнаас ярихгүй юу?
-Шатрын түргэн тоглолтын XI фестиваль энэ сарын 1-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотноо болж, ОХУ-ын Краснадорын их мастер Борис Савченко аваргалж, Улаан-Үдийн шатарчин ФМ Цыдыпов Жамсаран аман хүзүүнд шалгарч, Латвийн их мастер Павел Малетин, их мастер Алексей Широв, Молдавын их мастер Виорел Бологан “айргийн тав”-д орлоо. Буриадын буддын шашны төв Ивольгин дацан тэмцээнийг ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит болгон зохион байгуулсан. 500 орчим хүний байр, хоолны зардалд багагүй хөрөнгө гаргасан нь тодорхой. Тэмцээнд Латви улс ихээхэн ач холбогдол өгч оролцлоо.
Нэгэн үе Испанийн нэрийн өмнөөс тоглож байсан Латвийн их мастер Алексей Широв (чансаа нь 2728), ОХУ-ын Виорел Бологан (2663), ОХУ-ын Борис Савченко (2622), Сергей Юдин (2619), Павел Смирнов (2619), Павел Малетин (2585) нарын дэлхийн шилдэг шатарчид өрсөлдсөн нь тэмцээний нэр хүндийг өргөсөн явдал болсон. Буриадын Ерөнхийлөгч, Засгийн газар, шатрын холбоо нь оюуны спортоо хөгжүүлэх, сурталчлах талаар олон шинэлэг ажлууд хийж байгаагийн үр дүнд тамирчдын амжилт мэдэгдэхүйц ахиж байна. Саяын тэмцээнээс Буриадын анхны эмэгтэй их мастер төрлөө. Мөн эрэгтэйчүүдийн дэд аварга 15 настай Жамсаран Цедепов (2392) хэмээх шатарчин удахгүй их мастер болох байх. Улаан-Үдийн их мастер Антон Шомаев (2543), ФМ Олег Бадмацыренов (2483) зэрэг олон шилдэг шатарчид төрж байна. FIDE-гийн Ерөнхиййлөгч К.Илюмжинов буриад шатарчдын амжилтыг үнэлж, туслахаа илэрхийлсэн.
-Манайхан хэрхэн өрсөлдөв?
-“Алдар”-ын Ц.Батчулуун (2494), “Хүч”-ийн Б.Гүндаваа (2513) тэргүүтэй арав гаруй шатарчид оролцлоо. Шатарчдыг тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн тусламж байнга үзүүлдэг Г.Өсөхбаяр, Б.Пагва даргатай “Алдар”, ”Хүч” спорт хорооны хамт олондоо залуу их мастерууд маань талархаж явдгаа илэрхийлснийг энэ дашрамд уламжилмаар байна. Эхний 20 байр эзэлсэн шатарчдыг хамба лам Аюушеев өндөр хэмжээний мөнгөн шагналаар шагнасан. Миний бие 50 гаруй ахмад шатарчдаас 9 оноогоор тэргүүлж, тусгай шагнал хүртсэн. Түүнчлэн 18 нас хүртэлх залуу шатарчдаас сонирхогчдын дэлхийн аварга ФМ С.Билгүүн 9.5 оноогоор тэргүүлсэн. Монголын шатрын холбоо ч хөрш зэргэлдээ Буриадын шатарчидтай харилцаа холбоогоо өргөжүүлэх зүйтэй болов уу. Мөн манай сүсэгтэн олон ийм тэмцээнийг эх орондоо зохион явуулж болох юм байна гэдгийг мэдэрч ирлээ. Энэ тэмцээн удахгүй болох УАШТ-ий өмнөх томоохон сорилго боллоо.
Д.ГЭНЭЭ