Монголын их эрдэмтэн, түүхч, гүн ухаантан Зава Дамдин (1867-1936) нь одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт мэндэлжээ. Тэрбээр буддын гүн ухааны их, бага таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн гэдгээрээ нэртэй хүн билээ. Зава гэдэг нь “үндсэн” гэсэн төвд гаралтай үг бөгөөд түүний цол аж. Төвд хэлээр 17 боть ном зохиосноос хамгийн алдартай нь “Хорчойнжун” хэмээх түүхийн зохиол юм.
Богд хаант Монгол Улсын үед Монголын түүх бичиг зохиох эрдэмтдийн дунд уригдаж байсан Зава Дамдин гавжийг Судар бичгийн хүрээлэн хүртэл сул гишүүнээрээ сонгож ажиллуулсан байдаг. Түүнчлэн 1924 онд БНМАУ-ыг байгуулж, Үндсэн хууль батлах үед ч түүнийг урилгаар оролцуулсны зэрэгцээ төрийн сүлд, далбааг хэлэлцэж батлахад Зава Дамдин гавжийн саналаар далбаа, сүлдэнд алтан соёмбо үсэг оруулсан хэмээдэг.
Ардын засгийн ерөнхий сайд А.Амар түүнийг ихэд хүндэтгэн биширч, шавь орж байсан нь энэ хүн Монголын түүх, нийгэм, шашин, соёлын салбарт ямар үнэтэй хувь нэмэр оруулсныг бэлхнээ гэрчилнэ. Зава Дамдины төрөлх нутагтаа байгуулсан Дэлгэрийн Чойрын хийдийг 1990-ээд онд сэргээсэн бөгөөд өдгөө түүний шавь нар тэргүүлсэн 20-иод лам шавилан сууж ном айлтгадаг байна.
Мэндэлснийх нь 140 жилийн ойгоор Дундговь аймгийн Сайнцагаан суманд боржин чулуугаар урласан 4.5 метр өндөр хөшөөг нь сүндэрл үүлжээ. Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан зүйл үүд Дундговь аймгийн музейд хадгалагддаг. Тэдгээрээс заримыг нь “Өнөөдөр”-ийн музей танилцуулж байна
Л.Аргамжин