УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр өсвөр насны ээжүүдийн төлөөлөлтэй уулзав. Залуу ээжүүдийн холбоог тэд өнгөрсөн онд байгуулсан аж. Улмаар өсвөр насандаа ээж болсон хүмүүст тулгамддаг асуудлын талаар эмэгтэй гишүүдэд танилцуулж, тэдний сурч боловсрох, эрүүл амьдрах болон нийгмийн асуудалд анхаарч, хамтран ажиллахыг хүссэн юм. Л.Эрдэнэчимэг, Д.Оюунхорол, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нар Бүл гээ төлөөлөн залуу ээжүүдтэй уулзсан. Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Залуугаараа ээж болоход эцэг, эх, найз нөхөд, нийгэм дургүйцэж, сэтгэл зүйн дарамт учруулдаг. Сурч боловсрох боломжоо алдахаас эхлээд тулгамдсан асуудал бий. Үүний эсрэг хүчээ нэгтгэж, клуб байгуулсан нь сайн. Эмэгтэй гишүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан. Мөрийн хөтөлбөртөө таваас дээш тооны хүүхэд асардаг ээжүүдэд мөнгөн тэтгэлэг олгох асуудлыг тусгах бидний саналыг Ерөнхийлөгч хүлээж авсан.Энэ санал маань ажил болбол бага насны хүүхдээ асардаг ээжүүдэд тэтгэмж олгох юм. Бид та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас зарим зүйл тодрууллаа
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, хэрэгцээг хангах хэмжээнд барьж байгуулахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс гэр цэцэрлэг байгуулах хуулийн төсөл боловсруулсан. Энэ санаагаа АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөж буй Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт тусгуулсан юм байна. Ямар ач холбогдолтой заалт юм бэ?
-Бид судалгаа хийж үзэхэд нийслэлд огт цэцэрлэггүй 17 хороо, сургуульгүй 25 хороо байна. Улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барихыг хүлээвэл 15 жил шаардлагатай. Тиймээс өөр хувилбар олох ёстой. Үүний тулд гэр цэцэрлэг, байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах хувилбар бий. Тухайн байгууллага ажилтнуудынхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэх цэцэрлэгийн байр гаргачихвал улсын төсвөөс санхүүжүүлчих учир аль аль талдаа ашигтай. Үүнээс гадна хүүхэд харах үйлчилгээ гэсэн хувилбар бий. Бид хүүхдээ харуулах хүн хайдаг, гэтэл цалин мөнгө нь бас хэцүү. Тиймээс үүнийг зохион байгуулалтад оруулж, тодорхой стандарт, шаардлага хангасан хүн гэрээрээ таван айлын хүүхэд харах боломжтой. Үүнд шаардагдах урсгал зардлыг төсвөөс өгөх юм. Ингэвэл цэцэрлэг барих, дулаан цахилгааны гэх мэт олон зардлыг хэмнэж, төсвийн дарамтыг бууруулна.
-Төрсөн ээжүүд хоёр жилийн турш хүүхдээ цалинтай харах боломж бүрдүүлнэ гэсэн. Үүнийг тодруулаач?
-Энэ бол чухал асуудал. Хүүхдээ хараад гэртээ суухаар ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа тасардаг. Тиймээс 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх тэтгэлэг олгох юм. Ядуурлаас болоод ээжүүд хоол тэжээлийн дутагдалд орох асуудал байдаг учир амин дэм, хүнсний бүтээгдэхүүний тасалбар олгох талаар ч судалж байна. Нийгмийн халамжийг нэмлээ гэж шүүмжлэх байх. Гэвч эрүүл хүүхэд төрүүлж, өсгөх нь хамгийн чухал. Нөгөө талаар хүн амаа өсгөх эдийн засгийн хөшүүрэг болно. Судалгаанаас харахад амьдралын түвшин боломжийн айлууд хоёроос илүү хүүхэд төрүүлэхгүй байна. Тиймээс гурав дахь хүүхдийг төрүүлэх, эрүүл өсгөхөд төрөөс бодлогоор анхаарах ёстой.
-Байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах санал хэр дэмжлэг авч байна вэ?
-Ярилцаад явж байна, дэмжиж байгаа. Цэцэрлэгийн нэг хүүхдэд улсаас сарын 111 мянган төгрөгийн төсөв зарцуулдаг. Хэрэв хүүхдэд цэцэрлэг олдохгүй бол уг мөнгийг картанд нь хийнэ. Үүгээрээ хүүхэд асрах хүн хөлслөх гэх мэтээр нийгмийн асуудлаа шийдэх боломжийг ээжүүдэд олгож байгаа юм.
С.УУЛ