Монголын “Лектор” төвийн санаачилгаар “JCI Монгол” байгууллага, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран “Оюуны олимп” үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, ялагчаа тодруулжээ. Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээн 20 сая төгрөгийн шагналын сантай. Хоёр сарын турш үргэлжилсэн “Оюуны олимп”-д хурц ухаан, авхаалж самбаагаар манлайлж, аваргын цом, автомашины эзнээр тодорсон хүн бол “Монгол хүн л юм бол хөдөлгөөн”- ий тэргүүн А.Отгонбаатар.
“Монгол хүн нэгнээ дэмжих эерэг сэтгэлгээг нийгэмд түгээх хүсэл мөрөөдөл анд нөхдөд минь болон надад байдаг. Энэ тэмцээнийг олон хүнд үнэнийг хэлэх хаалга байх болно гэж ойлгосон учраас оролцсон” хэмээн тэрбээр түрүүлсэн сэтгэгдлээ хуваалцжээ. “Тархины тураал” сэдвээр 300-400 үгтэй эсээ бичиж, тэмцээнд оролцох эрх авсан шилдэг 100 оролцогч таван үе шаттай өрсөлдсөн юм.
“Оюуны олимп”-д МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн IV курсийн оюутан Ө.Мөнхтүвшин, МУИС-ийн Нийгмийн ажилтны сургуулийн III курсийн оюутан Энхбадрал, “Western” компанийн захирал Ц.Алтайбаяр нар удаалжээ.