Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын
өнгөрсөн долоо хоногийн чуулганаар гишүүд хаалттай хэлэлцэн баталсан. Зургадугаар сарын 1-ний дотор батлахгүй бол манай улс хар жагсаалтад орох байсан учраас ийнхүү яаран баталсан юм. Хуулийн талаар УИХ-ын С.Дэмбэрэлийн байр суурийг тодрууллаа.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Дансандаа их хэмжээний мөнгөтэй байх нь мөнгө угааж буйн баталгаа болж чадах уу?
-Энэ асуудал миний санааг их зовоож буй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх үед “Санхүүгийн мэдээллийн алба бие даасан, хараат бус ажиллаж чадах уу?” гэж би асуусан. Учир нь, уг хуульд бие даасан, хараат бус гэж заасан мөртлөө хэн нэгнээс хараат, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал шийдвэрээр явдаг байх гэсэн заалт мөн орсон байгаа. Хэдийгээр бүтэц бүрэлдэхүүндээ хараат бус байгууллагыг оруулсан гэж байгаа ч надад эргэлзээтэй санагдсан. Энэ нь мөнгө угаахын эсрэг гэсэн нэрээр хувь хүний нууцад халдах боломж бүрдэнэ гэсэн үг. Тиймээс мөнгө угаахтай тэмцдэг байгууллагуудынхаа хараат бус, бие даасан байдлыг сайтар хангах ёстой. Гэвч уг хуульд энэ асуудлыг тусгаж өгч чадаагүй. Тухайлбал, энэ хэрэгтэй тэмцдэг байгууллага Монголбанкны “мэдэлд” байгаа цагт Монголбанк мөнгө угаахад яаж шалгах юм бэ?
-Хувь хүний дансан дахь хөрөнгөд 20 сая төгрөгийн босго тогтоож, хянах болсон нь хэт явцуу хэмээн иргэд шүүмжилж байна. 20 сая төгрөг босго болох хэмжээний мөнгө мөн үү?
-Хэн нэгний дансаар хоёр жилийн хугацаанд 10 гаруй удаа 20 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж л байгаа шүү дээ. Тэр бүхнийг шалгах нь зүйн хэрэг байх. Гэхдээ бид 1930-аад оны арга барил руу л яваад байх шиг. Хүнийг шууд барьж хорих, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад дайрч давшлах, нийтэд зарлах асуудал сүүлийн үед цөөнгүй гарч байна. Энэ явдлыг цэгцлэх ёстой. Хувь хүний нууцад халдаж болохгүй шүү дээ. Тиймээс хэзээ, хаана, хэнийг, ямар тохиолдолд шалгах вэ гэдгийг хуулиар нарийвчлан заах ёстой. Үгүй бол Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг буруугаар ашиглаж болзошгүй.
Р.ОЮУН