Биднийг харийнхан “Асар их баялагтай атлаа ядуу амьдарч байна. Алтан дээр сандайлсан гуйлгачин” хэмээдэг. Гэтэл өнөөдөр нэг хэсгийнх нь хэтэвчинд, тэр дундаа төрийн өндөр албан тушаал хашдаг, хашиж байсан эрхмүүдийн дансанд хэдэн зуун тэрбумаараа мөнгө эргэлдэж байдгийн нэг жишээг цагдаагийнхан илрүүлэв.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын санхүүгийн зах зээлд ахадсан гэмээр, дэлхийн хэдхэн баячуудын хөрөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгө “угаалгын машинд” хийснийг Монголбанк, ЭЦГ, УМБГ-ын ажилтнууд илрүүлсэн гэж хууль хяналтын байгууллагаас мэдээлээд байгаа. Хэдийгээр асар их хэмжээний үнийн дүнтэй гүйлгээ энд яригдаж буй боловч чухам хэд вэ гэдгийг нарийвчлан тогтоогоогүй байгаа бөгөөд хуулийн байгууллагынхан мөнгөний хэмжээг алдаж мэдээлсэн болов уу гэх таамгийг иргэдийн дунд төрүүлсэн.
Мөнгө угаасан гэх гэмт хэрэг манай улсад өнөөдөр анх удаа илэрч байгаа юм биш. Манай арилжааны банкуудын удирдлагын холбогдсон, БНСУ-ын “Номаранг” корпорацаас маш их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэрэг нэлээд хэдэн жилийн өмнө гарч байв. “Номаранг”- ийн гэх тодотголтой энэ хэрэг манай улсад мөнгө угаах гэмт хэргийн эхлэлийг тавьсан гэдгийг хуулийн байгууллагын олон ажилтан хэлдэг. Түүнээс хойш “Транс” банкаар дамжуулан гадаадын иргэд мөнгө угаасан гэх мэдээллийг тус банкныхан дэлгэж, Беларусийн иргэн А.С.Соловьев арилжааны банкаар дамжуулан мөнгө цэвэршүүлсэн байж болзошгүй үйлдэл удаан хугацаанд шалгуулж байгаа.
Харин цагдаагийн байгууллага МИАТ-ын удирдлагад холбогдох хэргийг шуурхай шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод буй билээ. Эндээс харахад тагнуулын байгууллагаас илүү цагдаагийнхан энэ төрлийн хэргийг илрүүлэн шалгахдаа чадваржиж, туршлагатай болоод байх шиг. Тэгэх ч гэж цагдаагийн байгууллагад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн тасаг, нэгж байгуулсан биз. Манай улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөнгө угаасан гэх гэмт хэрэг дээр дурдсанчлан нэлээд хэд гарсан ч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын холбогдоод байгаа шиг их хэмжээний бохир мөнгө эргэлдэж байсан гэдэг нь бас эргэлзээтэй.
Сүүлийн 3-4 жилийн хугацаанд нэг хүний дансаар ийм их хэмжээний мөнгө эргэлдэж, сэжигтэй гүйлгээ явагдаж байхад Монголбанк гүйлгээнд нь хяналт тавилгүй өдий хүрсэн нь гайхмаар. Юутай ч цагдаагийнхан онц их хэмжээний мөнгөн дүнтэй хэргийн учгаас атгасан нь энэ долоо хоногийн содон үйл явдал байв.
Г.РАВЖИХ