Төрийн ордны “Иргэний танхим”-д өчигдөр Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн найруулж, тус төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн М.Батчимэг Монгол хэл бичгийн эрдэмтэн, судлаачид, иргэдээс санал авсан юм. Хэлэлцүүлэгт ахмад, залуу эрдэмтэд, их дээд болон дунд сургуулийн багш нар оролцож, улс үндэстэн оршин тогтнохын баталгаа болсон монгол хэлний дархлаа алдагдахад хүрэх нөхцөл байдал үүссэн цаг үед Монгол хэлний тухай хуулийг шинэчлэн найруулж, төсөлд эрдэмтэн судлаачид, мэргэжлийнхнээс санал авч байгааг дэмжиж байв.
Дэлхийн хүн ам 6000 хэлээр ярилцдаг ч мэдээллийн орон зайд 100 хүрэхгүй хэлийг ашигладаг. Гэвч ойрын 50 жилд 6000 хэлний 50 хувь нь устах аюул тулгараад байгаа гэх баримтыг ЮНЕСКО гаргасан байдаг. “Устаж үгүй болохдоо тулж буй хэлний нэгд монгол хэл орж болзошгүй нөхцөл үүсээд буй нь сэтгэл зовоож байна” гэж хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлж байв. Түүнчлэн Монгол хэлний тухай хуульд орон зайгаа тавьж өгөх гэж буй Төрийн албан ёсны хэлний тухай хууль нь дэндүү албан ёсны, мохоо үг хэллэгтэйн дээр монгол хэлийг дэлхийн түвшинд хамгаалсан хууль болж чадаагүй гэж үзэж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ байдлыг засахаар цоо шинэ хуулийн төсөл санаачилж байгаа ч шинэчлэхээр зэхэж буй хуулийн үйлчлэл нь монгол хэлний тухайд уу, монгол хэлийг хамгаалах хүрээнд яриад байна уу гэдэг нь тодорхойгүй, нэрнээсээ эхлээд алдаатай байгааг шүүмжилж байв. Мөн найман бүлэг, 23 зүйл бүхий уг хууль Үндсэн хуулийн нэгэн адил монгол хэлний “манаач” байх ёстой.
Орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томъёо, зөв бичих дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, баталж мөрдүүлэх, хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, нэр томъёотой холбогдох асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй Төрийн хэлний зөвлөлийн оролцоог идэвхжүүлж, их, дээд сургууль, дунд сургуулийн хичээлийн программд монгол хэл, монгол бичгийн хичээлийг англи хэлний хичээлээс дутуугүй цагаар оруулдаг болгохоор тусгах, үндэстний хэл устахад сөрөг нөлөө үзүүлж буй телевизийн олон ангит киноны орчуулга, хүүхдийн нэвтрүүлэгт монгол хэлний соёлыг мөрдүүлэх, төрийн хэлний хуулийг хэрэгжүүлэх ажлыг авч явах мэргэжилтнийг бодлогоор бэлтгэх зэрэг олон санал гарсан. Тус хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, саналаа өгч чадаагүй эрдэмтэн, судлаачдын саналыг http://www. irgen.org/ цахим хуудсаар үргэлжлүүлэн авч, хуулийн төсөлд тусгана хэмээн хууль санаачлагчид нь зарласан юм.
Д.ЦАЦРАЛ