Говь-Алтай аймгийн таван тойрогт болон намын нэрийн жагсаалтаар сонгогдох 12 мандатад явуулсан дахин сонгууль 54.56 хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр боллоо. Өөрөөр хэлбэл, Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум болон Есөн булаг сумын Баяншанд багт нэр дэвшигчээр, 12 тойрогт хувь тэнцүүлсэн буюу намд суудал хуваарилах байдлаар явуулсан тус сонгуульд 35187 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 19199 нь саналаа өгсөн байна. Хувь тэнцүүлсэн хэлбэрээр буюу улс төрийн намуудад өгсөн саналын дүнгээр МАН 36.75, АН 49.41, МАХН 13.18 хувийн дэмжлэг иргэдээс хүлээжээ. Энэ нь АН-д зургаа, МАН-д дөрөв, МАХН-д хоёр суудал авчирсан үзүүлэлт юм.
Харин таван тойрогт нэр дэвшигчдэд өгсөн саналын дүнгээр АН төгс ялалт байгуулаад буй. Тодруулбал, Есөнбулаг сумын Баяншанд багт Б.Алтангэрэл 678, Баян-Уул суманд Г.Хурцгэрэл 510, Хөхморьт суманд Д.Даваадорж 522, Шарга суманд Р.Лхагвадорж 411, Төгрөг суманд Д.Чинзориг 508 санал авч илүүрхэн намдаа таван суудал нэмэрлэжээ. Ингэснээр АН 11, МАН дөрөв, МАХН хоёр суудлын “эзэн” болж АН илт давуу ялалт байгуулж байгаа юм. Гэвч энэ нь Говь-Алтай аймгийн ИТХ-д эрх баригчид тэгтлээ илүүрхэж буй хэрэг биш. Тэд дөнгөж нэг суудлын зөрүүтэйгээр аймгийн Хуралд олонх болж байгаа юм.
Учир нь тус аймгийн ИТХ-ын 35 суудлаас дахин сонгууль явуулаагүй 18 суудлын 12 нь МАН, зургаа нь АН-д хадгалагдсан хэвээр буй. Үүнийг өнгөрөгч ням гаригийн сонгуулийн дүнтэй нэгтгэж харвал АН 17, МАН 16, МАХН хоёр суудалтай болж, ганцхан тооны зөрүүтэй олонх, цөөнх бүрдэж байгаа юм. Гэхдээ ялалт бол ялалт. Түүхэндээ орон нутгийн сонгуулиар ч, УИХ-ын сонгуулиар ч “цэнхэртэж” үзээгүй энэ аймгийн ард иргэдийн сонголт АН-ыг засаг барихад хүрлээ. Гагцхүү одоо ганцхан тоог наана, цаана гаргаж “наадах” санаархал бүү сэдрээсэй.
Б.НОМИН