Сар хүрэхгүйн өмнө шатрын олон улсын их мастер цол хүртэх эрхтэй болсон А.Энхтуул өдгөө Москвад сурч буй. Монголын гурав дахь эмэгтэй их мастер түүнийг Өмнөд Африкт болох тэмцээнд урьсан тухай шатарчин бүсгүй уржигдар цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр “Дуулаад, бас бүжиглэмээр үдэш болж байна. Очиж үзэхийг хамгийн их хүсдэг орноос минь тэмцээнд урилаа. Энэ жил үнэхээр сайхан, гайхамшигтай байна. Оюун санаанаас минь ундран гарч буй бодол бүхэн биелж, энэ нь надад урам зориг хайрлан, дэлхийд өрсөлдөх хүч энерги нэмж байна” гэжээ.
Тус тэмцээн нь ӨАБНУ-д ирэх есдүгээр сард болох юм байна. Гэхдээ одоогоор хаанахын ямар тамирчид оролцох, ямар зохион байгуулалтаар явагдах зэрэг нь хараахан тодорхой болоогүй гэнэ.
Л.ЧИМЭГ