.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Монгол Улсын иргэн н.БатЭрдэнэ болон АНУ-ын иргэн Генсбург нар эд хөрөнгөө залилуулсан талаараа тус газарт өргөдөл гаргасан бөгөөд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгахаар болсон гэнэ.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “МАХН-ын дарга Н.Энхбаяр 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлд байдаг Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 ам.метр талбайтай, одоогийн МАХН-ын байрлаж байгаа хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрын хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Улмаар дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээрх “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Цэнгэл гэх хүнээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны үнийг 500 мянган ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн Генсбургэд онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Мөн 2008 онд Н.Энхбаяр нь н.Бат-Эрдэнээс туслахаараа ажиллаж байсан Б.Хуягаар дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ хийж, 1.2 тэрбум төгрөгийг залилан авсан үндэслэлээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт холбогдуулж өнгөрсөн мягмар гаригт намынх нь байрыг хохиролд тооцуулахаар хуульд заасны дагуу битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байгаа” гэлээ.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Зарим цахим хуудсаар манай намын байрны хаалга үүдийг битүүмжилсэн хэмээн мэдээлэл гаргасан байна лээ. Манай намын үйл ажиллагаа хэвийн явж байна. Цагдаагийн байгууллагаас ирж, хаалга үүд битүүмжилсэн зүйл байхгүй” гэсэн юм.
Г.РАВЖАА