Их жанжин Д.Сүхбаатарын ажил, амьдрал Монгол орны тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Тэрбээр 1921 оны ардын хувьсгалыг санаачлагч бөгөөд МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Түүний мэндэлсний 122 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдөр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулав. Юуны өмнө Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга М.Энхболд болон Д.Сүхбаатарын үр хойч, түүх судлаач, иргэдийн төлөөлөл түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Д.Сүхбаатар жанжны нэрэмжит төв талбайн нэрийг 2012 онд Чингисийн талбай болгон өөрчилсөн. Энэ талаар МАН-ын удирдлагууд болон Д.Сүхбаатарын үр хойч нараас тодруулав. Д.Сүхбаатарын зээнцэр Д.Сүхжаргалмаа “Өвөөгийн маань нэрэмжит талбай ганцхан түүний биш, бүх ард нийтийн өмч. Тиймээс Д.Сүхбаатар жанжны үр хойч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаар болсон. Зарим хамаатан маань гадаадаас ирж амжаагүй учраас шүүхэд гомдлоо арай гаргаагүй байна” гэв.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Төв талбайн нэрийг өөрчлөх үед бид шүүхэд гомдол гаргасан боловч одоо болтол энэ асуудал шийдэгдээгүй байна. Ер нь улс төрийн намууд соёлын болон түүхийн үнэт өв рүү дайрч давшилж, өмчлөх эрхгүй” гэсэн юм. Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Ээдрээт цагийн бичээс” цахим номын нээлт боллоо. Уг ном Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчлон өгүүлсэн цуврал бүтээлийн хоёр дахь боть бөгөөд Хиагтын гурван улсын хэлэлцээрээс хойш БНМАУ-ыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа батлах хүртэлх есөн жилийн түүхийг харуулах аж.
Түүнчлэн Д.Сүхбаатар жанжин мэндэлсний өдөр түүний амьдрал, үйл хэргийн түүхэн баримт, материалуудыг олон түмэнд сурталчлах ажил өрнөдөг. Үүний нэг нь О.Баатарын Сүхбаатарын ойд зориулсан 50 дахь удаагийн үзэсгэлэн юм. Театрын музейд зохион байгуулсан уг үзэсгэлэнд Д.Сүхбаатар жанжинтай холбоотой гэрэл зураг, зоосон мөнгө, тэмдэг, марк, баримал бүхий цуглуулга багтжээ. Тэрбээр анхны үзэсгэлэнгээ бичгийн цаасан дээр цөөн тооны гэрэл зураг, мөнгөн тэмдэг бүхий цөөн үзмэртэйгээр нээж байсан бол өдгөө Театрын музейн хоёр танхимыг дүүргэх цуглуулгатай болжээ. “Их жанжин Д.Сүхбаатарыг сурталчилсны 50 жил” үзэсгэлэн энэ сарын 10- ныг хүртэл үргэлжлэх аж.
Э.НЯМДУЛАМ