Өвөрхангай аймаг 2015 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлажээ. Энэ хүрээнд аймгийнхаа бүх сумын иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар зэхэж байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотор, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, гэмтэл согог, эрэгтэйчүүд, бэлгийн замаар дамжих халдвар, шүд, эрүү нүүр, ЭХО-гийн эмч нар шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээ энэ сарын 30-наас эхлэн бүх суманд очиж, үзлэг шинжилгээ хийнэ. Үзлэг, шинжилгээ Төгрөг сумаас эхэлнэ. Урьдчилан сэргийлэх үзлэгийн эмч шаардлагатай гэж үзвэл нарийн мэргэжлийн эмч үзлэг хийх аж. Үүний зэрэгцээ иргэдийг эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг, амьдралын зөв дадал хэвшилтэй эсэхийг тогтоох судалгаа, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулах юм байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдаас сонгон авч, эрүүл мэндийн сургагч бэлтгэнэ.