Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Артолбо, Арурт, Арсүүж, Бортолгой, Дэрвэдэг зэрэг газраар цасны зузаан 30-35, гуу жалгандаа 70-120 см-т хүрч хунгарлан, зам хаагдсан байна. Эдгээр газарт 48 өрх 18000 гаруй малтайгаа өвөлжиж байгаа аж. Хушаат сумын ЗДТГ малчдаас холбоо тасрахгүй байх, хүн болон мал эмнэлгийн тусламж үзүүлэх, хүнсний бүтээгдэхүүн, өвс тэжээл хүргэх зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, сумаас хүн, малын эмч, сувилагч нарыг томилон дээрх өрхүүдэд хоёр удаа тусламж үзүүлжээ. Тусламжийн багийнхан хунгарласан цас ухан, зам гаргаж байж малчдын хотонд хүрсэн гэнэ. Мөн сумын нөөцөөс 2000 боодол өвс, Дархан-Уул аймгийн Гурил, тэжээлийн үйлдвэрээс 10 тн хивэг хүргэж өгчээ. Харин Дэрвэдэг гэдэг газарт өвөлжиж буй 2-3 өрх айлд хүрэх зам цасанд боогдсон тул тусламж үзүүлж чадаагүй байгаа аж. Дашрамд дурдахад, одоохондоо өвөлжилт хүндрээгүй, гэхдээ нэг л удаа их хэмжээний цас орвол байдал бишдэнэ гэж орон нутгийнхан түгшиж сууна.