Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өчигдөр тариаланчид улаанбуудайн урамшууллын мөнгөө авч эхэлсэн тухай мэдээлэл хийлээ. Нийт 908 аж ахуйн нэгж, иргэний нэг тонн улаан буудай тутмын 70.000 төгрөгийн урамшууллыг нь данс руу нь шилжүүлж эхэлсэн байна. Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн захирал Н.Ариунболд “Засгийн газрын энэ сарын 26-ны хуралдаанаар тариаланчдаас гурилын үйлдвэрүүд болон ТЭДС-нд нийлүүлсэн улаанбуудайн нэг тн тутамд 70.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд нийт 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгож эхэллээ” гэв. “Уг нь энэ онд улаанбуудайн нэг тонн тутмын урамшууллыг 100.000 төгрөгөөр тооцон нийт 35 тэрбум төгрөг олгох байсан ч УИХ-аас төсвийн тодотголоор 25 тэрбум төгрөг хуваарилсан тул ийнхүү бууруулсан” гэдгийг салбарын яамны мэргэжилтнүүд учирлаж байв. Дашрамд дурдахад, 2007 оноос хойш Засгийн газраас тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор 128 тэрбум 912 сая 602 төгрөг зарцуулаад байгаа юм байна.