Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас үндэсний их баяр цагаан сар болох гэж байгаатай холбогдуулж ийм уриалга гаргав.
Цагдаагийн газрын дарга Б.Даваажав:-“Цагаан сарын үеэр архидалтаас үүдсэн гэмт хэрэг их гардаг учир бид энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд онцгой анхаарч ажиллана. Шинэ он гарснаас хойш нэгдүгээр сарын 28-ны байдлаар 50 гаруй гэмт хэрэг зөрчил гарсан. Үүнд хулгайн гэмт хэрэг, хүчин, бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулсан хэргүүд зонхилж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ жилээс эхлэж албан хаагчдаа дайчилж гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодруулах судалгааны ажлыг эхлүүлсэн” гэв.
Түүнчлэн халтиргаа гулгаатай зам талбайд осол гарах хэрэг нэмэгддэг. Гэтэл Монгол үндэстэн даяараа тэмдэглэдэг цагаан сарын баяр дөхөж байгаа болохоор урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Өнгөрсөн жилийн цагаан сараар архидан согтуурсан үед үйлдэгдсэн гэмт хэрэг ердийн үеийнхээс 40,4 хувиар нэмэгдэж байсныг тэрбээр хэлээд энэ жил ийм байдал үүсгэхгүйн тулд олон нийтийг цагаан сараа архигүй тэмдэглэж үндэсний ёс заншлаа дээдлэж “Цагаан сараа архигүй тэмдэглэдэг уламжлалыг тогтооцгооё” гэж уриаллаа.