Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хөрөнгө гаргах тухай захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн бааз суурийг сайжруулахад зориулан 60 компьютерийг дагалдах хэрэгслийн хамт тусламжаар өгсөн байна. Харин нэмүү өртгийн албан татвар, хадгалалт, тээвэрлэлтийн зардал болох 3.3 сая төгрөгийг Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас гаргах зөвшөөрлийг Тамгын газарт олголоо. Сургуулиудад техник, тоног төхөөрөмжийг хуваарилж, бүрэн хүчин чадлаар нь ашиглуулах, үндсэн хөрөнгөд бүртгүүлэх ажлыг нийслэлийн Боловсролын газар зохион байгуулна.