Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гаднах хаяг, зар сурталчилгааг кирилл, монгол бичгээр хамтад нь бичих санаачилга аль эрт гарсан ч амьдрал дээр хэрэгждэггүй. Тэгвэл “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол, “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” хотын даргын захирамжийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ чиглэлээр төсөл санаачилснаа өчигдрөөс хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын “Brand Book” буюу нийслэлийн гудамж талбай, барилга байгууламжийн гэрэл чимэглэл, өнгө, дизайныг хэн ч, хаанаас нь ч хараад “Улаанбаатар” гэж танигдах үндэсний брэнд бий болгохоор зорьж байгаа аж. Тиймээс хот, суурин газарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирил бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байна.