Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн ачаар Улаанбаатар хотын Өрхийн эрүүл мэндийн бүх төвд анхан шатны үзлэг оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон юм. Гэтэл гадаадын хүмүүнлэгийн байгууллагаас буцалтгүй тусламжаар ирж буй эдгээр тоног төхөөрөмжөөс манай тал гаалийн татвар авах ёстой гэж шаардсаны улмаас агуулахад долоо хонож байгаа гэнэ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатаас тодрууллаа.
-Өнгөрсөн баасан гаригт өрхийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө гээд байсан тоног төхөөрөмжүүдээ татварын асуудлаас болоод гаалийн агуулахаас авч чадахгүй байгаа гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан гадаад хамтын ажиллагааныхаа шугамаар 493.3 мянган ам.долларын өртөг бүхий, эмнэлгийн анхан шатны оношилгооны тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар авчихаад байхад манай төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс болоод өнөөх маань Нисэхийн гаалийн агуулахад хэвтэж байна. Солонгосын “Руйсанса” корпорацаас манайд өгч буй тоног төхөөрөмжүүд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Монголд буусан. Өрхийн эрүүл мэндийн 140 төвд нийлүүлэх дээрх тоног төхөөрөмжүүд гурван жилийн дагалдах нөөц бүхий оношлууртайгаа ирж байгаа. Тиймээс тэдгээрийг хэрхэн ажиллуулах тухай манайханд зааж, сургахаар Солонгосоос 13 мэргэжилтэн ирсэн юм. Гэтэл манай Сангийн яамныхан дээрх тоног төхөөрөмжөөс НӨАТ авах ёстой гээд гаалийн агуулахаас гаргахгүй байгаа учраас гаднын мэргэжилтнүүдийг нь буцахаас өмнө ямар ч байсан албан ёсны нээлт хийсэн болж аргацаасан нь тэр. Тоног төхөөрөмж нь байхгүй учраас тэд сургалтаа ч хийж чадалгүй буцлаа. Манай төрийн байгууллагууд арай хэтэрхий юм аа. Монгол Улсаас нэг ч төгрөг гарздаагүй, бас ямар ч өр, зээл тавилгүй, буцалтгүй тусламжаар оруулж ирсэн тоног төхөөрөмжийг үг дуугүй хүлээж авахаа бодохгүй янз бүрийн тайлбар хэлээд гэдийгээд байдаг. Дээрх түргэвчилсэн оношлууртай тоног төхөөрөмжүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвд өгснөөр хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс багасахаас гадна иргэдийн цаг, мөнгийг хэмнэх чухал ач тустай гэдгийг тэнэг хүн ч ойлгомоор доо.
-Тэгэхээр Сангийн яамныхан танайхныг гаалийн татвараа төл гээд байгаа юм уу. Ийм тохиолдолд хууль, журамд нь юу гэж заасан байдаг юм бэ?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.4-д “Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй буюу хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Гаалийн татварын тухай хуульд ч ийм заалт бий. Гэтэл Сангийн яамныхан эдгээр хуулийн заалтыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад, заавал НӨАТ авах ёстой гээд зүтгээд байх юм. Тэгээд одоо хэн, хаанаас мөнгө олж тэрийг нь төлөх юм бүү мэд. Эдийн засаг хүндрэлтэй байна гээд манай төсвийг хотойтол танасан учраас бидэнд лав тийм боломж байхгүйг өөрсдөө ч мэдэж байгаа. Монгол Улсын хуулийг нэг яамны түшмэл өөрийнхөөрөө тайлбарлаад, дагаж мөрдөхгүй юм бол УИХ гэж хууль тогтоох дээд байгууллага байхын хэрэг алга. НӨАТ-ыг нь шийдэж чадахгүй юм бол гадаадын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар тоног төхөөрөмж авахгүй гэдгээ Ерөнхий сайд, Сангийн сайд нь албан ёсоор мэдэгдчих хэрэгтэй. Эс бөгөөс төрийн байгууллагуудаа ажил хийхгүй зүгээр суу, ямар ч идэвх зүтгэл, шинэ санаачилга гаргах хэрэггүй гээд байгаа юм уу. Үнэхээр ойлгохгүй юм. “Хэмнэ, тана, зардлаа багасга” гээд байгаа төрийн түшээдийн уриалгыг амьдрал дээр хэрэгжүүлэхээр доод түшмэд нь тэднийхээ эсрэг байгаад байна.
-Одоо та нар хаана хандах бодолтой байна вэ?
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо хоёрт л хандах байх даа. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ямар ч байсан эцсээ хүртэл хөөцөлдөнө. Энэ жил нийслэлийн Эрүүл мэндийн газарт тоног төхөөрөмжийн зардал гэж 800 сая төгрөг л төсөвт суулгасан. Гэтэл тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж сул ороод ирлээ шүү дээ. Боломжийг алдаж болохгүй.