Ховд аймгийн Манхан суманд Үндсэн хуулийн өдрөөр “Тэмээ өсгөх, арчлах, маллах, уналга эдэлгээнд сургах” сэдвээр онол практикийн бага хурал хийж энэ үеэр тэмээний дуу, шүлэг, зургийн уралдаан явагдаж өнгөрсөн юм.
Монгол Улсын сайн малчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Х.Эрдэнээгийн санаачилга, тус багийн тэмээчдийн дэмжлэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1000 тэмээний баяр саяхан боллоо.
Тооройн элс хэмээх газар болсон тэмээний уралдаан сайхан хос, хангал сургалт, тэмээний ашиг шимийн үзүүлэлт зэрэг төрлүүдээр явагдлаа.
Зэрэг гол баг энэ жил 1000 тэмээ тоолуулсны баяр ийнхүү давхацсан аж. Тус сумын Тооройн элс, Шалаа худаг зэрэг нутгаар үе дамжсан тухайн нийгэмдээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Гүнчин, Баатар нарын олон тэмээчид нутаглаж, тэмээн сүргээ өсгөсөөр иржээ.
Тэмээний уралдаанд Манхан сумын Баянгол багийн Г.Уртаагийн хүрэн, торомны уралдаанд Тахилт багийн А.Ням очирын хар тором түрүүлжээ.
Уралдааныг санаачилсан Улсын сайн малчин Х.Эрдэнэ, Б.Дашпүрэв нар уралдааны ялагчдыг тэмээгээр байлсан бол удаах байрын бай нь тором байлаа. Сүүлийн жилүүдэд уламжлал болон явагддаг тэмээний уралдааныг малчид хүсэн хүлээж энэ өдрүүдэд наадамд ирэхтэй адил, үндэсний хувцсаараа гоёж, хоорондоо арга туршлагаа солилцдог болсон юм.
Манхан сумын засаг дарга С.Гантөмөр 1000 тэмээний баяраар “Ижил зүсмийн тэмээтэй сайхан хос” шалгаруулалтыг ивээн тэтгэжээ. Тэрээр монгол хүн тэмээ унахад хүйтний улиралд ямар дээл, хантааз, малгай өмсөх, тэмээний тохом, бурантаг, ногт, буйл тоноглолыг зөв хэрэглэхийг харуулахыг хичээж, монгол ахуйг залуу хойч үедээ таниулах зорилго агуулжээ.
Сүүлийн жилүүдэд ховордоод байгаа тэмээн сүргээ өгсөх, маллах, арчлах сонирхлыг дээшлүүлэх, сүү сааль, тэмээг ачлага уналганд хэрэглэж хэвшихэд 1000 тэмээний баяр ихээхэн ач холбогдол өгч байна.
Ховд аймгийн Манхан сум мал тооллогоор 2845 тэмээ тоолуулжээ. Тус сумын малчид тэмээний сүү саалийг жилийн дөрвөн улирлын турш ашигладаг ба ингэний айраг нь хамгийн их эрэлттэй байдаг юм.