Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Хууль зүйд сайд болсоноос хойш хэн түүний оронд очих бол гэсэн хүлээлт хууль, шүүхийн байгууллагынхан төдийгүй иргэдийн дунд үүссэн. Тэгвэл түүний оронд Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж буй, хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогтын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлжээ. Хуульзүйн байнгын хорооны хурлаар өчигдөр түүнийг хэлэлцэхээр төлөвлөж байна гэх мэдээлэл байсан ч хойшлуулсан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Тэрбээр 1958 онд Улаанбаатар хотод төрсөн, хуучнаар ЗХУ-ын Ташкентын их сургууль, Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр зэрэгтэй. Ц.Бямбацогт нь Шүүх яамны хууль боловсруулах системчлэх хэлтэст мэргэжилтэн, Олон улсын геологийн экспедицийн хуулийн зөвлөх, бүрэн эрхт төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга, Геологийн яаманд хуулийн хэлтсийн зөвлөх, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Улаанбаатар хотын прокурорын газарт хяналтын прокурор, Баянгол дүүрэгт ахлах прокурор, Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд хяналт шалгалтын хэлтсийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга зэрэг албыг хашиж байсан хүн юм.Түүнээс гадны АТГ-ын дэд даргаар тус газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж буй Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д Ерөнхийлөгч өргөн барьсан гэнэ.