Техник технологийн дэвшлийг ашиглан улс орны чухал шийдвэрийг ард түмнээсээ асууж, зөвлөлдөн шийдэх боломжтойг харуулсан санал асуулгын дүн гарчээ. Нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22.00 цаг хүртэл үүрэн телефоны компаниудаар дамжуулан явуулсан уг санал асуулгад 365 841 иргэн оролцсон байна.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Нийт саналын 17.4 хувь буюу 63833 хүний санал хүчингүй болсон аж. Үлдсэн 302008 хүнээс 169230 буюу 56.1 хувь нь Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох замыг сонгожээ.
132778 иргэн буюу оролцогчдын 43.9 хувь нь зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох гэсэн хоёр дахь аргыг зөв гэж үзсэн байна. Ингээд олонхийн саналаар Засгийн газар томоохон төслүүдээ урагшлуулах үүрэг хүлээв. Энэ асуудлаар Засгийн газар өчигдөр үдээс хойш хуралдаж, зарим шийдвэр гаргасан юм.
С.ТУУЛ