Мишээл экспо" долоо хоногийн турш худалдан авагчдийн хөлд дарагдаж, хөл хөдөлгөөнтэй байлаа. Үндэсний үйлдвэрлэгчид энэ жилийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалт сайн байсан төдийгүй иргэдийн худалдан авалт нэмэгдсэнийг онцолсон юм. Тодруулбал, тус үзэсгэлэн худалдаанд өнгөрсөн жил нийт 700 гаруй аж ахуй нэгж оролцсон бол энэ жилийнхэд 800 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож, цар хүрээгээ тэлжээ. Үүгээр ч зогсохгүй борлуулалт нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд нийтдээ нэг тэрбум 950 сая төгрөгийн борлуулалт хийж байсан бол энэ жил зөвхөн “Мишээл экспо”-д зохиогдсон үзэсгэлэн худалдааны үеэр иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Ийнхүү бүтэн долоо хоногийн турш “Мишээл экспо”-д үргэлжилсэн “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өчигдөр хаалтаа хийж, идэвхтэй оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа. Тодруулбал, тусгай байрын шагналын эздээр “МТОТ”, "Милко”, "Зураас", иргэн н.Мөнхтүвшин , "Stary sky" компаниуд тус тус тодорлоо. Харин шилдэг аж ахуй нэгжээр "Эрдэнийн гоёл", "Ном хур", "Говь", "Эрдэнэт хивс" компаниуд тус тус шалгарсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдааны Гран при шагналын эздээр "Hero kids", "Живэртийн оргил", "Монгол нэхмэл", "Сэлэнгэ прэсс", "Мастер додо" компаниуд тус тус шалгарлаа.
Дашрамд дурдахад, “Драгон”, “Шөнийн зах” болон төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж буй "Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015"үзэсгэлэн худалдаа сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ.