Баруун Африкт “Эбола” вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо он гарснаас хойш өнгөрсөн долоо хоногт анх удаа нэмэгдлээ гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.
Тус байгууллагын мэдээлснээр, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 1-ны хооронд аюултай вирус халдварласан тохиолдол Сьерра-Леонд 80, Гвинейд 39, Либерид тав бүртгэгджээ.
“Эбола”-гийн халдвар авсан хүмүүс болон нас барагсдын тоо тогтвортой буурсаар байгаа бол нэгдүгээр сарын 18-25 хүртэлх долоо хоногийн хугацаанд Гвиней, Либери, Сьерра-Леонд халдварын тохиолдол сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Дээрх гурван оронд халдварын 99 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 1-ний байдлаар “Эбола” вирусийн халдвараар 8981 хүн нас барж, халдвар авагсдын тоо 22 495 болжээ. Нас барсан тохиолдлын 3746 нь Либерид бүртгэгдсэн байна. Сьерра-Леон улсад 3276 хүн, Гвинейд 1944 хүн нас баржээ. Эдгээр гурван орноос гадна Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи болон АНУ гэсэн зургаан улсад аюулт вирус илэрсэн байна. Эдгээр улсад нийтдээ 13 хүн нас барж 35 хүн халдвар авчээ.