Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Цагаан сар-Таны оролцоо” аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төв, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. Энэ үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлогдсон алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлэхэд жимсний улаан хачиг илэрчээ. Иймд шавьж илэрсэн бүтээгдэхүүн зарж байсан газрыг ариутган, халдваргүйжүүлж, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болсон гэнэ.
Жимсний улаан хачиг нь хөнөөлт шавьж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул алим авахдаа сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал авахгүй байхыг зөвлөж байна. Мөн ил задгай гудамж, талбайгаас чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа.