Айлуудын хаалгыг тогшин “цонхны хэмжээ авах гэсэн юм”, “халуун ус байвал өгөөч”, “хорооноос судалгаа авч явна” гэж хэлээд гэртээ ганцаараа байгаа хүүхдийн толгойг эргүүлэн алт мөнгөн эдлэл, үнэд хүрэх, хурдан борлогдох зүйлсийг нь хулгайлдаг 15 настай О-г Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд уржигдар саатууллаа. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа явдаггүй, садангийн ах нь гадаа машинтай хүлээж байдаг аж. Тэд хулгайлсан зүйлээ “Нарантуул”, “Хархорин” захын үнэт эдлэлийн ченжүүдэд худалддаг байжээ. Зарим ченж хулгайн эд зүйл байж болзошгүй гэж хардан асуухад “Ах зараад өг гэж явуулсан” гэх юм уу, “Олсон юм” гэж худлаа хэлдэг байсан гэнэ. Сэжигтнүүд анхны мэдүүлгээрээ 29 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч эд мөрийн баримт болох үнэт зүйлс нь бараг олдохгүй байгаа бололтой. Бага насны хүүхдээ гэртээ харгалзах хүнгүй үлдээснийг ийм этгээдүүд овжноор ашиглаж байгаа тулүл таних хүнд хаалгаа тайлж өгөхгүй байхыг хүүхдүүддээ сануулж байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.