Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулиудын хичээл энэ сарын 16-ны даваа гаригаас 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн цуглах цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харьяа байгууллага, төсвийн бусад байгууллага, нийслэлийн төр захиргааны байгууллага, түүний харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажлыг 08.30 цагт эхлүүлж байхаар боллоо.
Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байрлалтай төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, тарах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосон. Энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаагаас замын хөдөлгөөн түгжрэхэд нөлөөлж буйг Замын цагдаагийн газраас тогтоосон. Тиймээс Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх, тарах цагийг өөрчлөх эрхийг нийслэлийн Засаг даргад олгосон юм. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээр замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоог судлуулжээ. Уг судалгаанд үндэслэн нийслэлийн Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан байна.