Сургууль дөнгөж төгссөн залуусыг туршлагагүй, 40-өөс дээш насныхныг хөгшин гээд ажилд авдаггүй энэ цагт Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “Дипломтой ажилгүйчүүд” гэдэг ойлголтыг халахын тулд “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Оюутнуудыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад дадлага хийх боломж олгох, мэргэжлийнхээ ажилд сонирхолтой болгох, цаашдаа тухайн байгууллагадаа ажилд орох боломж бүрдүүлэх нь энэ хөтөлбөрийн зорилго аж. Оюутнаар дадлага хийлгэснээр тухайн байгууллагад хүний нөөц бүрдүүлэх, ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн бий болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тустай гэж үзэж байна. Энэ удаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билэг” дээд сургуулийн олон улсын эдийн засгийн IV дамжааны хоёр оюутныг “Номин холдинг” ХХК-д дадлага хийхэд нь зуучилжээ.