Шивээхүрэн дэх гаалийн боомтоор энэ сарын 3-нд БНХАУ руу явах гэж байсан 13-74 ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн “Хьюндай” маркийн aчааны автомашиныг саатуулан, нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд их хэмжээний өнгөт чулуу илэрчээ.
Уг машинд хууль бус ачаа байж болзошгүй гэсэн мэдээлэл Хилийн тагнуулын албанаас гаальчдад ирсэн юм байна. Үүний дагуу уг шалгалтыг хийжээ. Дээрх машиныг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын III багийн иргэн Б жолоодож явсан аж. Тэрээр машиныхаа ачааны тэвшний урд талын хананд 420 кг улаан өнгийн хас чулууг 4-6 кг-аар нь оймсонд савлан нуусан байжээ.
Энэ хэргийг урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.