ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өчигдөр Говьсүмбэрт ажиллаж, тус аймагт барьсан Нийгмийн даатгалын хэлтсийн байрны нээлтэд оролцон, Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутанд хүндэтгэл үзүүлэв. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн хугацаанд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан аж. Шинэ байртай болсноор нэг цонхны үйлчилгээ нээх нөхцөл бүрджээ.
Чойрын Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт нэгдүгээр сарын 23-ны 17.31 цагт гурван сая дахь иргэний чацуутан болж мэндэлсэн охиндоо Х.Цэвэгням, Г.Отгончимэг нар Ц.Баясгалан гэдэг нэр өгчээ. Ц.Баясгаланг тус аймгийн Засаг дарга Л.Одсэр өчигдөр 70 сая төгрөгийн үнэ бүхий байраар мялаалаа.