Хоёр хуваагдсан Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаа энэ үед Умард Солонгосоос ирж болзошгүй өдөөн хатгалгуудыг сөрөн няцаахын тулд бэлэн байдалтай байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ армийнханд хандан уриаллаа.
Иргэний нийгмийн бүлгүүд Пхеньяны эсрэг ухуулах хуудас гаргаж байгаа болон АНУ-тай хамтран жил тутмын цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосыг Умард Солонгос шүүмжилсээр байгаа юм.
Умард Солонгосыг шүүмжилсэн агуулга бүхий ухуулах хуудсууд нь хоёр Солонгос хоорондын хурцадмал байдлыг дэврээх уг шалтгаан болоод удаж байна. Пхеньяны эсрэг ухуулга хуудас бүхий бөмбөлгүүдийг Умард Солонгос буудаж унагаахыг оролдсоны дараа хоёр Солонгосын цэргүүд харилцан гал нээсний улмаас өнгөрсөн оны 10 дугаар сард байдал хурцдаж эхэлсэн билээ.
“Армиа байнгын бэлэн байдалд байлгаснаар бид Умард Солонгосын өдөөн хатгалгыг няцаах хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч Пак нөлөө бүхий албаны хүмүүстэй аюулгүй байдлын асуудлаар зөвшилцөхдөө хэлжээ.