Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины цэргүүд болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр 35 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ.
Байлдааны ажиллагааны үеэр энгийн номхон 13 иргэн, 18 салан тусгаарлагч, дөрвөн цэрэг амь үрэгдсэн гэж Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Уг мэдэгдэлд “өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины зүүн нутгийн Дебальцево, Троицкое, Редкодуб, Санзаровка, Чернухина, Золотое болон Новогригоровка хотод салан тусгаарлагчид 42 удаа халдлага үйлдсэн” болохыг онцолжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дунд үеэс Украины арми болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд мөргөлдөж эхэлснээс хойш тус улсын зүүн нутагт 5300 гаруй хүн амь үрэгдэж, 12 200 хүн шархдаж, гэмтэж бэртсэн болохыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар мэдэгдлээ.