1988 оны долдугаар сард бид хоёр сая дахь иргэнээ өлгийдөж байсан бол 27 жилийн дараа гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудаа хүлээн авсан түүхт баяр тохиосон билээ. Тэгвэл энэ сарын 6-нд нийслэл хотод төрсөн Монголын Улсын гурван сая дахь иргэнтэй чацуу 15 хүүхдэд батламж гардуулж, гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гардуулан өглөө. Төрийн банкнаас Х.Монголжин охины “найз”-уудад 20153000000 дугаарын дэвтэр хүлээлгэн өгсөн нь онцлог байв.
Хүн ам нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ёслолын ажиллагааг нээж, гурван сая дахь иргэдээ албан ёсоор алдаршуулсан юм.
Тэрбээр”Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Хатанболд, Аззаяа нарын анхны охин Х.Монголжин, түүнтэй нэг өдөр мэндэлсэн 180 үе чацуутанд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье .Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхэд байна. Хүүхдийн тоо ийнхүү сая давлаа. Энэ нь хүн амын өсөлтөд маш чухал тоон үзүүлэлт юм. Монгол орон хүүхэд, залуучуудын орон гэдгээ батлаж чадлаа” гэж ярилаа.
Баянзүрх дүүргийн Б.Төгстөгөлдөрийн ээж Оюунсарнай “Хүү маань 3.9 кг жинтэй, 52 см өндөр төрсөн. Гуравдугаар төрөхөд нэгдүгээр сарын 24-нд 10.32 цагт амаржсан. Өмнө нь жирэмсэн байхдаа гурван сая дахь иргэн төрүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Гурван сая дахь иргэний нас чацуутан болоод их баярласан. Нөхөр бид хоёр Соёмбо, Сүлд зэрэг нэр өгнө гэж бодож байсан. Харин энэ нэрийг том хүү маань дүүдээ өгсөн. Хүүгээ ирээдүйд төгөс төгөлдөр сайхан эр хүн болоорой хэмээн бэлгэдсэн” хэмээв.
Энэ үеэр ээжүүдээс илүү гурван сая дахь иргэдийн аавууд олонх байв. Мөн Монгол Улсын хоёр сая дахь таван иргэн ирж, дүү нартаа дурсгалын зүйл гардуулан, мялаалгын үг хэлсэн юм.
Монгол Улсын хоёр сая дахь иргэн Б.Золзаяа “Би 1988 оны долдугаар сарын 17-нд хоёр сая дахь иргэн болж мэндэлсэн. 27 жилийн дараа ийнхүү гурван сая дахь дүү нараа хүлээн авч байгаад их баярлаж, сэтгэл хөдлөж байна. Монгол улсдаа хэрэгтэй сайн хүн болоорой гэж ерөөе” гэлээ.
М.Болорцэцэг