Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарын цахим олголтод аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу хэд, хэдэн өөрчлөлт оруулжээ.
Цахимаар өргөдлийн дугаар олгох системийн аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс ситем хөгжүүлэх шатнаас эхлэн Кибер аюулгүй байдлын газраар хяналт тавин ажиллаж буйг албаныхан мэдэгдлээ.
АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа ярихдаа,“ Бүртгэл эхэлснээс хойш 536 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч, 458 нь системд нэвтрэх эрх авсан байна. Өнөөдрийн байдлаар 90 өргөдлийн дугаар олгосноос 71 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. 13 цахим дугаар авсан байгууллага цагтаа өргөдлөө өгөөгүй. 6 аж ахуйн нэгж солбилцлоо буруу оруулсан тул өргөдлийг хүлээн аваагүй. 47 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тул аймгийн Засаг даргын санал авахаар шилжүүлсэн. Мөн аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн удаа дараагийн санал хүсэлтийг үндэслэн, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн өнжөөд 30 дугаар олгодог байсныг 120 болгохоор зохицуулсан. Ингэснээр долоо хоног бүрийн даваа гарагт 120 дугаар олгож, ажлын бусад дөрөв хоногт өргөдөл хүлээн авч, хянан үзэхээр өөрчлөлт орууллаа. Үүнтэй холбоотой өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт орохгүй. Хоёр долоо хоногт системд нэвтрэх эрх 500 мянган төгрөг, хоёр сар бол хоёр сая төгрөг юм. Мөн аймаг, сум, планшетийн кодыг сонгоход хүндрэлтэй цаг алдаж байна гэсэн хүсэлтийг харгалзан кодыг шууд шивж оруулдаг болгосон” гэв.