Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, НЗДТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн харьяа газар, агентлагууд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн ЗДТГ, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын оюутан, сурагчид, хороод, СӨХ, иргэд оролцсон юм.
Энэ оны анхны бүх нийтийн их цэвэрлэгээгээр гудамж, зам, талбай, цахилгааны шон болон гэр хорооллын гуу жалган дахь үүсмэл хур хог, хөлдсөн бохир ус, хальтиргааг цэвэрлэж байна хэмээн Нийслэлийн Захирагчийн албанаас мэдээлэв.
Мөн их цэвэрлэгээний хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, “Монгол Улс” төрийн өмчит компани, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргааны ажилтнууд, Гандантэгчилэн хийдийн дэргэдэх шашны сургуулийн оюутнуудтай хамтран цэвэрлэгээ хийсэн юм. Тэд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын хогийг цэвэрлэж мод, бургасанд уясан хадгийг авч байгаа аж.