Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2015 оны төсвөө одоо хүртэл батлаагүй байгаа аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр захирамж гаргаж, энэ сарын 2-ноос эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоохоор шийдвэрлэжээ.
Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг хоёрдугаар сард 416.4 сая, гуравдугаар сард 210 сая төгрөг байхаар тооцож, зардлын дүнг баталсан байна.
Өөрөөр хэлбэл, ажилтнуудын үндсэн цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, унаа, хоолны хөнгөлөлт болон байрны түрээс, цахилгаан, дулаан, шуудан холбоо, бичиг хэрэг,цэвэр, бохир усны мөнгө зэрэг гол зардлаас бусдыг төсвөөс түр хасжээ.
Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Налайхын Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгосон аж.
Л.АРГАМЖИН