Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхлээд 14 хоног өнгөрлөө. Өдөрт өргөдлийн 30 дугаар цахимаар олгож байсан бол өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа гаригт өргөдлийн 120 дугаар олгохоор шийдвэрлэснийг Ашигт малтмалын газраас өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Улмаар мягмар гаригт 1-30, лхагва гаригт 31-60, пүрэв гаригт 61-90, баасан гаригт 91-120 дугаартай өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээн авах болсон байна.
Цахим дугаар авахад бөглөдөг аймаг, сумын нэр, планшетийн дугаарыг гараас шууд оруулдаг болсон тул алдалгүй зөв оруулахыг санууллаа. Нэгдүгээр сарын 26, 28, энэ сарын 3-нд тус бүр 30 өргөдлийн дугаар олгосон. Эдгээрээс 71 өргөдөлд нь зураг зүйн шүүлт хийсэн байна. 13 компанийн төлөөлөл цагтаа ирээгүй бол зургаан аж ахуйн нэгж солбицлоо буруу оруулсан гэв.
Ц.Болор