УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс 129 өргөдөл, гомдол ирүүлснийг тус тойргоос сонгогдсон Н.Батбаяр, Б.Болор болон Х.Баттулга, Д.Ганбат нарт хүргүүлжээ. Энэ талаар өнөөдөр тус байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өргөдөл шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн шуурхай, боловсронгуй болгох зорилгоор орон нутгаас ирсэн өргөдлийг тойргоос сонгогдсон гишүүдэд нь хүргүүлж, хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд гишүүдийн саналыг тусгах болжээ.
Ингэхдээ 30 хоногийн хугацаанд нэг тойргийн иргэдээс 100-аас дээш өргөдөл ирсэн тохиолдолд сонгогдсон гишүүнд нь танилцуулах, 500-аас дээш бол Өргөдлийн байнгын хороо тус тойрогт ажиллаж, асуудлыг шийдвэрлэдэг болохоор тогтсон байна. Харин 900-аас дээш өргөдөл ирсэн тохиолдолд, Байнгын хорооны хуралдаанаар болон УИХ дахь нам, эсвлийн бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцдэг болохоо тогтжээ.
Өргөдлийн дийлэнхийг ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт эзэлж байна. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 20 иргэн тус сумын Азарга багийн Шаргачны голын ай сав газарт “Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуул явуулсны улмаас малаас гаж төл гарах, худаг, ус ширгэж байгаа тул тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсчээ. Мөн Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэ толгой багийн Мөнгөт гэх газарт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 2014 оноос эхлэн ураны хайгуул хийж байгааг таслан зогсоох хүсэлт ирүүлжээ.
Түүнчлэн Баянхонгор аймгийн иргэд “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгааг илэрхийлж, ашигт малтмалын хайгуул хийх, олборлох тусгай зөвшөөрөл олгохдоо багийн нийтийн хурлын саналыг авдаг болох зэрэг санал ирүүлжээ. Мөн иргэд малчдын өндөр насны тэтгэвэр тогтоох насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгож багасгах, тэтгэврийн зээлийн хүүг багасгах, төрийн албан хаагчдын цомхотголыг зогсоох хүсэлт ирүүлжээ.
Өрөгдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Өргөдлийн байнгын хороо бол ард түмэн, УИХ-ын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын гүүр юм. Тиймээс шийдвэр гаргагчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийн тулд манай байнгын хороонд санал хүсэлт, өргөдөл, гомдлоо тогтмол ирүүлж байхыг ард түмнээс хүсч байна. Бид ирсэн өргөдөл бүр дээр нэг бүрчлэн ажиллаж, зохих хариуг өгч байх болно” гэлээ.