Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяраар өргөн хэрэглэдэг хэвийн боов, бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлсэн байна.
Зөвлөмжид хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан түүхий эд материалаар хэвийн боов, бууз, банш хийх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журмын мөрдөлтөд хяналт тавьж бүртгэл хөтлөх, олон улсад хэрэглэдэг Е код зэрэг мэдээллүүдийг, бууз, баншны шошгонд махны төрлийг тодорхой тусгахыг тусгажээ. Мөн ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, магадлагаа гаргуулж хяналт тавих, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглосон байна.