Цахим систем ашиглан газар өмчилж авахаар хоёрдугаар ээлжинд нийт 184.569 хүн бүртгүүлжээ. Газар өмчлөх хүсэлтэй иргэдийг нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 9-ний 12.00 цагийн хооронд нийслэлийн ЗДТГ, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар бүртгэсэн юм. Хоёрдугаар ээлжинд нийт найман байршлын 13819 нэгж талбарт газар өмчлүүлнэ. Компьютер иргэдийг регистрийн дугаараар нь автоматаар сонгох юм. Иргэдэд сонгогдсон эсэхийг нь утасны дугаар, цахим шуудангаар нь мэдээлнэ. Сонгогдсон иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ Газрын албанд өргөдөл өгч, баталгаажуулах шаардлагатай.