Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нар алсын дуудлагаар аймгаасаа 230 километрийн зайд орших Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг малчин айлд очиж төрөх эхэд хагалгаа амжилттай хийж, эх хүүхдийн амийг аварчээ.
Тэднийг дуудлагаар очиход 28-29 хоногтой төрөх дөхсөн эхийн эхэс нь ховхорч цус алдсанаас хол тээвэрлэхэд хугацаа алдах эрсдэлтэй тулгарсан байжээ. Ийм учраас алсын дуудлагын эмч нар гэрэл цахилгаангүй орчинд шөнөөр айлын гэрт хагалгаа амжилттай хийж эх хүүхдийн алтан амийг аварсан байна.
Шинэ төрсөн эх, хүүхдийн бие одоо сайн байна. Малчны гэрт алсын дуудлагаар Ховд аймгийн Амаржих газрын эмэгтэйчүүдийн их эмч Нансалмаа, Нямцэцэг, үзлэгийн их эмч Энхцэцэг болон эх баригч-сувилагч очиж ажиллажээ.